Т.Лхагва, Д.Сугар нарыг цэцийн гишүүнд санал болгов

Хуучирсан мэдээ: 2012.05.07-нд нийтлэгдсэн

Т.Лхагва, Д.Сугар нарыг цэцийн гишүүнд санал болгов

Хууль зүйн байнгын хорооны өнгөрөгч баасан гарагийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох асуудлыг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд хуулийн дагуу УИХ, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тус тус санал дэвшүүлэв. Эхлээд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 67 дугаар захирамжаар Дуламын Сугарыг томилуулахаар УИХ-д санал болгосноо танилцууллаа. Дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаар захирамжаар Тогоочийн Лхагвын нэрийг дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга сонордуулав.

Нэр дэвшигчдийг танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Ойрын үед сонгуулийн тогтолцооны шинэчлэл хийж чадахуй улс төрийн туршлагатай, тулхтай хоёр хүнийг  хоёуланг нь дэмжиж байгаа”-гаа илэрхийлээд “УИХ-д суудалтай хоёр нам Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудлаар анх хэлэлцэн тохирсон ч үүнийгээ хэрэгжүүлж чадаагүй байгаа, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохоос аваад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах улс төрийн чиг шугам бий тул энэ чиглэлээр ямар байр суурьтай байгаа”-г нь нэр дэвшигчдээс асуулаа.

Нэр дэвшигчидтэй холбогдуулан Р.Гончигдорж гишүүн үг хэлэхдээ УИХ, Үндсэн хуулийн цэцийн харилцааны асуудал нэлээд хүндрэлтэй байгааг тэмдэглээд “Уг нь энэ хоёр институц Үндсэн хууль, түүний гол үзэл санааг хамтдаа сахин хамгаалж түүнд нийцүүлэн хууль тогтооход хамтран ажиллах ёстой атал сүүүлийн үеийн байдлаар тийм биш, энгийн үгээр хэлбэл, яг сөрөг хүчин шиг байр сууриар асуудалд хандаж, Үндсэн хуулийн цэц шүүх мөн гэсэн байр суурь бэхжиж байгаа”-г шүүмжилсэн юм.

Гишүүд асуулт тавьж үг хэлсний дараа нэр дэвшигчдийн талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 10 гишүүн аль алийг нь санал нэгтэй дэмжсэн бөгөөд тус хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр танилцуулахаар боллоо.

Үүний дараа “Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хадгалах журам батлах тухай” УИХ-ын 2007 оны 09 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхэд Байнгын хорооны гишүүдэд зарчмын зөрүүтэй санал байгаагүй тул уг асуудлыг анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй хэмээн санал нэгтэй дэмжиж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хорооныхоо санал дүгнэлтийг Х.Жекей гишүүн танил­цуу­лахаар болов.

Энэ өдрийн хуралдааны эцэст “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам батлах тухай” Хууль зүйн байнгын хорооны тогтоолын төслийн эцсийн найруулгыг Байнгын хорооны гишүүд сонсож хэлэлцлээ. Энэхүү журам нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицууулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Авилгын эсрэг хуулийн үйлчлэлд хамрах этгээдийн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй юм.

Найруулгыг сонсож хэлэлцэх үеэр хэд хэдэн асуудал хөндөгдсөнийг дурдвал Ж.Сүхбаатар гишүүн “Төсөлд албан тушаалтан өөрөө бус түүний гэр бүлийн гишүүний авсан зээлийг ялгаж салган зааж өгөхгүй бол мэдүүлэг гаргагч өөрөө зээл авсан мэт болох”-ыг сануулав. Харин УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, С.Эрдэнэ нар гадаадын өндөр хөгжилтэй орны загварыг шууд хуулбарлаж, сэтгэлийн хөөрлөөр хэт туйлшрахгүйгээр, эхлээд энэ хууль хэрэгжих эрхзүйн орчинг бүрдүүлж, төрийн албан хаагчдынхаа нийгмийн асуудал, цалин хангамжинд төрөөс илүү сайн анхаарахгүй бол нэмэлт орлого олох боломж нь хуулиар нэлээд хязгаарлагдмал байгаа төрийн албаныхныг гэмт хэргийн замд түлхэж хэлмэгдүүлэх вий хэмээн болгоомжилж буйгааа илэрхийлсэн юм.

Үүний хариуд хууль санаачлагч Ж.Сүхбаатар гишүүн “Аливаа  шинэчлэл олон хүнд таалагддагүй. Бүхнийг эхлээд төгс төгөлдөр хийчихдэггүй. Авилгын индексээрээ 183 орны 120-д орчихоод байгаа өнөө үед гол нь хөрөнгө орлогын мэдүүлгээ детальчилж, ил тод байлгах нь түүгээр дамжуулан олон нийтийн хяналт тогтооход хэрэгтэй. Энэ бол амьдралд нийцээгүй, гадаадаас авсан орчуулгын хууль биш, зөвхөн зарчмыг нь л авсан хууль” хэмээн тайлбарлалаа

Б.МАНДАХ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж