Пакистанд цагдаагийн ажилтанг бууджээ

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

Пакистанд цагдаагийн ажилтанг бууджээ

Пакистан улсын баруун өмнөд нутгийн тайван бус байдалтай байгаа Балочистан мужид цагдаагийн ажилтанг буудсан талаар ВВС мэдээллээ.

Мужийн нийслэл Кюетта хотод цагдаагийн ахлах ажилтанг гэрээсээ гарч явах үед нь буутай этгээд хөнөөсөн гэж цагдаа нар мэдэгдсэн байна. Балочистан муж нь үндсэрхэг үзэлтнүүдийн эмх замбараагүй байдал гардаг төв болдгоос  гадна талибанууд идэвхтэй байдаг бүс нутаг ажээ.

Одоогоор ямар ч бүлэг халдлагын хариуцлагыг аваагүй байна. Алагдсан цагдаа Шахнаваз Хан нь Эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтийн албанд хариуцлагатай алба хашиж байсан бөгөөд терроризм болон шашны бүлэглэлүүдийн  хүчирхийллийн хэргийг мөрдөж байсан юм.

Ер нь энэ бүс нутагт цагдаа болон хамгаалалтын ажилтнуудад халдах нь сүүлийн үед ихэссэн юм байна. Өнгөрсөн долоо хоногт Кюетта хотод Пакистаны хилийн хамгаалалтын албаны байшингийн гадаа бөмбөг дэлбэрч, наад зах нь хоёр хүн амиа алджээ. Мөн өнгөрсөн хоёрдугаар сарын 11-нд Балочистан мужид болсон үймээн самууны улмаас цэргүүд амь эрсэдсэн юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж