Туулыг аврахад 800 тэрбум хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

Туулыг аврахад 800 тэрбум хэрэгтэй

Нийслэлийн хүн амын ундны усын хэрэгцээг хангадаг Туул гол 4-5 газар тасарсан гэж иргэдээс гомдол санал ирсний дүнд УИХ-ын Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Туул голыг аврахаар ажлын хэсэг гарган хуралдав. Хуралдааныг Б.Батбаяр гишүүн ахалж, холбогдох албаныхан оролцов. Гишүүн Б.Батбаяр “Туул гол хэд хэдэн газар тасарсан. Нийслэлийн иргэдийн ундны усны хэрэгцээг хангадаг Туул гол нэг өдөр ширгэчих болоод байна. Хүн бүр л Туул голоо аврах санаачлагатай болсон юм шиг харагдавч үнэндээ улстөрийн зорилготой зүйлс хийгээд байна” гэлээ.

Туул гол ихэвчлэн дөрөв, тавдугаар сард тасардаг. Энэ нь сүүлийн үед барилгын ажил нэмэгдэж, элс, хайрга олборлох ажил Туул голын эрэг дагуу их хийгдэж байгаатай холбоотой гэнэ. Хаврын гачигтай цаг үед 18 метр кубээс доош ус татахгүй байгаа, цаана нь 80 гаруй метрийн гүнд ус байгаа. Нийслэлийн иргэдийн хэрэгцээнд усыг өмнө нь хэрэглэж байсан хэмжээгээрээ хэрэглэж байгаа ч иргэдийн буруу үйл ажиллагаанаас болж ус тасрахад хүрсэн гэнэ. Туул голын эрэг дагуух барилгын болон хайрга олборлолтын үйл ажиллагаа явуулж буй 14 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоосон ч байдал сайжраагүй. Нөгөө талаар ус тасрах бас нэг шалтгаан нь дэлхийн дулааралтай холбоотой гэдгийг ч албаныхан хэлж байсан. Харин УИХ-ын гишүүн Д.Энхбат “Туулын эрэг дээр зөвшөөрөл өгчихсөн, МХЕГ, холбогдох яамдаас зөвшөөрөл аваад барилга барьчихсан, хайрга олборлож байгаа энэ компаниудын үйл ажиллагааг нэн даруй зогсоож, Туул голыг яаж урсгалыг нь таслахгүй байх арга замын хайх хэрэгтэй” гэв.

Монгол Улсын хөгжлийг зогсоох нэг зүйл бол ундны болон хэрэглээний ус. Тиймээс бид одооноос Туул голын усргалыг нь нэмэгдүүлэх, урсацыг таслахгүй байх нь чухал гэдгийг гишүүд онцолж, “Хатан туулаа аварья” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэцгээв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд усны боомт байгуулахад 400 тэрбум, бусад ажилд 400 тэрбум төгрөг гээд нийт 800 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн эхний тооцоо гарсан байна. Уг нь 2010 оны гуравдугаар сараас хойш Туул голын эрэг дагуу газар олголт, үйлвэрлэл үйлчилгээ явуулах зөвшөөрлийг хориглосон боловч компаниуд үйл ажиллагаагаа явуулсаар байгаа. Б.Батбаяр гишүүн энэ талаар “Хатан Туулаа аваръя” хөтөлбөрийг эхлүүлсэн ч Туул гол аврагдана гэсэн баталгаа байхгүй, хэдийнэ хожимдсон байх болно. Ямар ч байсан ажлын хэсгийн дүгнэлтийг Байнгын хороонд танилцаалж, дараагийн хэлэлцүүлгийг хийх шаардлагатай байна“ гэсэн юм.

Ш.ЧИМЭГ



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж