Шүүхийн ерөнхий зөвлөлийг бүрдүүлэх асуудал нээлттэй үлдэв

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

Шүүхийн ерөнхий зөвлөлийг бүрдүүлэх асуудал нээлттэй үлдэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Шүүхийн захиргааны тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн шатанд ажлын хэсгээс санал болгосон “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг дан ганц Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгодог нь учир дутагдалтай байна. Тиймээс санал болгох субьектийг УИХ, Засгийн газраар өргөтгөх ёстой” гэсэн заалт маргаан дэгдээв.  Гишүүд “Хэрэв ажлын хэсгийн саналыг байнгын хороо хүлээгээд авчихвал шүүх байгууллагын хараат бус байдал алдагдана” гэж шүүмжилсэн юм. Мөн төсөл санаачлагчдын зүгээс ч үүнтэй санал нэг байгаагаа илэрхийлж байлаа. Түүнчлэн УИХ энэ мэт асуудалд хэт их оролцож, юм болгонд УИХ, Засгийн газрын саналыг авдаг байхаар хуульчилж өгөх нь эргээд бусад хууль тогтоомжтой зөрчилдөхөд хүргэж байна гэж байв. 

Мөн хуралдаанаар, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцсэн бөгөөд иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн статус, шалгуурыг тодорхойлж, иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд бодитой, үр нөлөөтэй оролцох боломжийг бүрэн нээж, холбогдох зохицуулалтыг нарийвчлан тодорхой болгох ач холбогдолтойг онцолсон байна. Энэ хуулийн төсөл батлагдсан талаар хууль санаачлагчид “иргэдийн төлөөлөгчийн оролцоог хангах талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүргийг тодорхойлж, иргэдийн төлөөлөгчийн эрх хэмжээг тодорхой болгосноор, шүүхийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод, шударга байх олон нийтийн үнэлэмж дээшилнэ.  Ингэснээр шүүхэд итгэх итгэл, хандах хандлага сайжирна. Түүнчлэн, иргэдийн эрх зүйн ухамсар дээшлэхэд эерэг нөлөө үзүүлэх зэрэг өөрчлөлт гарах гэнэ. Түүнчлэн эрхзүйн бүрэн чадамжтай 25 нас хүрсэн, тухайн анхан шатны шүүхийн нутаг дэвсгэрт байнга оршин суудаг байх, ял шийтгүүлээгүй, хэргийн оролцогчоор татагдаагүй, сүүлийн хоёр жил иргэдийн төлөөлөгчөөр шүүх оролцоогүй иргэд л шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр оролцох боломжтой болсноор хэн дуртайг нь хуралд суулгадаг ёс төдий зүйл алга болно. Мөн хязгаарлалт хийж иргэдийн төлөөлөгчөөр тодорхой албан тушаалтныг томилохыг хориглосон” хэмээн онцоллоо.  

Ингээд уг хуралдааны дараа Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяраас хэлэлцүүлгийн талаар тодрууллаа.

 -Байнгын хорооны хурлын үеэр Шүүхийн Ерөнхий зөвлөлийг хэрхэн бүрдүүлэх асуудал нэлээдгүй маргаан дагуулсан. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Шүүхийн Ерөнхий зөвлөл нь Үндсэн хуулийн байгууллага. Энэ байгууллага нь шүүхийн хараат бус байдал, шүүгчийн бие даасан байдлыг хангах, үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, нийгэмд шударга ёсыг хангах, хүний эрхийг хангах энэ чиглэлд чухал ач холбогдолтой. Хуулийн төслөөр орж ирсэн санал бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон гишүүдийг Ерөнхийлөгч томилох тухай байсан. Ажлын хэсгийнхэн үүнийг үндсэн зорил­го­тойгоо нийцэж буй эсэх, Шүүхийн ши­­нэч­лэлийн нэ­лээд­гүй хуулиуд бат­­лагд­саны дараа за­саг­лалын түвшинд хэр нийцэх талаар хэлэл­цэж байгаа. Өнөө­дөр хууль тогтоох болоод гүйцэтгэх засаг­лалын бүтэц, үйл ажиллагааны талаар бүгдэд ойлгомжтой байтал шүүх засаглалд олон зүйл тодорхойгүй байна. Шүүхийн ши­нэч­лэлийн хүрээнд хэлэл­цэгдэж буй хуу­лиуд ч үүнийг тодорхой болгох зорилготой. Ингэхээр Шүүхийн Ерөнхий зөвлөл гэсэн гол байгууллага нь ямар байдлаар бүрдэх вэ гэдгийг намын бүлэг болоод ажлын хэсэг дээр нэлээд ярьж байна. Энэ асуудлыг байнгын хороон дээр “дахин нухацтай ярилцая” гэх байдалтай л явж байна. 

-УИХ, Засгийн газраас Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргыг томилно гэхээр төрийн эрх мэдэл хуваах зарчимтай зөрчилдөхгүй юу?

-Шүүхийн Ерөнхий зөвлөлд орон тооны дөрвөн гишүүн байдаг. Ерөнхийлөгчийн институц, УИХ, Засгийн газар, УДШ нь адил тоотойгоор томилдог байх санал гаргаж, үүнийгээ бие даан ажиллахад нь эерэг зүйл гэсэн санал хэлэлцүүлэгт орж ирж байгаа. Төсөл дээр бол бүх гишүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч томилохоор заасан. Энэ хоёрын алийг нь сонгох вэ гэдэг дээр л гол маргаан бий.
Онолын хувьд буруу зүйл харагдахгүй байх. Гурван тусдаа засаглал гээд өөр өөр тийш хараад сууж болохгүй. “Check of balance” гэх зарчим бий. Энэ нь засаглал хооронд хяналттай байх гэсэн үг. Бүгд тусдаа байна гэх ойлголт байхгүй.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж