Мод тарих бүх нийтийн хөдөлгөөн болгох хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Мод тарих бүх нийтийн хөдөлгөөн болгох хэрэгтэй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан байгаль орчныг хамгаалах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа олон хүнийг төлөөлүүлэн зарим иргэдийг төрийн өндөр цол, одон медалиар өнөөдөр шагнав. 
 
Ерөнхилөгч Ц.Элбэгдорж Өмнөговь аймгийн Хүрмэн суманд өөрийн хөрөнгөөр агропарк байгуулан 150 000 гаруй мод болон говийн нэн ховор, ховордсон ургамлуудыг тарьж 9 га талбайг ойжуулж, усжуулсан Өмнөговь аймгийн “Ойн хишиг” ТББ-ын тэргүүн Дэмчигийн Бараадуузад Монгол Улсын Байгаль орчны гавъяат ажилтан цол, “Ногоон хөгжлийн зуун” ТББ-ын тэргүүн Загдсүрэнгийн Болдбаатар, Хэнтий аймгийн Биндэр сумын Ойн аж ахуйн инженер Балжирын Мөнхбаяр, Ойн газрын Ойн зохион байгуулалтын бодлого технологи хариуцсан албаны дарга Батгомбын Отгонсүрэн, “Ойн ирээдүй” ХХК-ийн ойжуулагч Дамдинсүрэнгийн Сайнбаяр, “Ойн ан” ХХК-ийн захирал Жамъянжавын Нацагдорж, “Агро сургалт” хоршооны зөвлөх Сосорын Чулуунцэцэг, Сэлэнгэ аймгийн “Хараагийн хишиг” нөхөрлөлийн тэргүүн Пагмажавын Давгадорж нарт “Алтан гадас” одон, Сүхбаатар аймгийн “Ойжуулалт Хайлааст” ХХК-ийн захирал Гомбожавын Эрдэнэсүх, Завхан аймгийн “За шинэстэй” ХХК-ийн захирал Жамъянлодойн Амарсайхан, “Төгөл” ХХК-ийн захирал Дамдинсүрэнгийн Сугарсүрэн, нийслэлийн СБД-ийн 16 дугаар хорооны иргэн Чойжилсүрэнгийн Эрдэнэчулуун, “Тэнгри” ХХК-ийн төслийн менежер Дамдины Сэрдарам, NTV телевизийн редактор, “Органик монгол” хөтөлбөрийн удирдагч Баяраагийн Ууганбаяр, UBS телевизийн дэд захирал, “Ногоон ирээдүй” төслийн удирдагч Базарсадын Нармандах нарт Хөдөлмөрийн хүндэт медаль хүртээж баяр хүргэлээ.

Ерөнхийлөгч  хэлэхдээ “Өнөөдөр дэлхий уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр та бидний амьдрах орчин улам бүр доройтож, олон гол горхи, булаг шанд хатан  ширгэж байна. Жилээс жилд хур тундас багасч, тал хээрийн болон говийн бүсийн ургамлын төрөл зүйл эрс цөөрч, бэлчээр хомсдон, малчид малаа тууж аймаг, сум дамжин нүүж амьдрах боллоо. Дулаарал, цөлжилт, хуурайшилтын бодит нөлөөний дүр зураг ийм байна. 

Тийм ч учраас би мод тарих хөдөлгөөн нийт иргэдийнхээ дунд өрнүүлэх зорилгоор “Мод тарих үндэсний өдөр”-тэй болох зарлиг гаргасан юм. Мод бол ус чийгийн хураагуур, орчны амьдралыг тэтгэгч байгалийн хосгүй бүтээл. Өмнөд хөрш маань газар нутгаа хамгаалж цагаан хэрэм босгосон гэдэг. Тэгвэл монголчууд бид ихэнх хэсэг нь цөлжөөд буй эх нутгаа авран хамгаалахаар газар сайгүй ногоон хэрэм яагаад босгож болохгүй гэж. Зарлиг гарснаас хойш хоёр жилийн хугацаанд иргэд маань чамлахааргүй олон мод тарьж, бяцхан ногоон төглүүд бий болгосоор байна.

Өнөөдөр би тийм ногоон төглүүд тарьж ургуулсан, бусдадаа түүнийгээ зааж сургасан эгэл сайхан хүмүүсийнхээ төлөөлөл болгон та нарыг төрийн дээд цол, одон медалиар шагналаа. Шагнагдагсдынхаа дундаас Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртсэн Дэмчигийн Бараадууз гуайг онцлон дурдахыг хүсч байна. Энэ хүн бол зөвхөн гавьяаныхаа амралтад гарснаас хойшхи 12 жилд гэхэд 9 га талбайд   агропарк байгуулж, 150 мянган мод тарьж үржүүлсэн байдаг. Говийн бяцхан цөөрөмүүдтэй баян бүрдийг бий болгож, хүмүүст үлгэр дууриал үзүүлсний нь төлөө төр түүний хөдөлмөрийг нь ийн үнэлсэн юм.

Элсэн говьд мод, бут, ногоо тарина гэдэг тийм амар хялбар зүйл биш ээ. Энэ хэцүү ажлынхаа хажуугаар Бараадууз гуай манхадын дунд мод, ногоо тарих сургалт олон удаа зохион байгуулж, 2034 хүнийг араасаа дагуулан хөтөлсөн буянтан буурал төдийгүй “ногоон хобби”-тнуудад зориулж гарын авлага ном 5-ыг бичсэн хүн. Долоон аймгийн нутагт түүний бойжуулсан тарьц суулгацаар 120 гаруй мянган мод цэцэглэн ургаж, хүн арддаа хүчил төрөгч үйлдвэрлэсээр байна. 

Өнөөдөр цөөнгүй иргэд мод бут, цэцэг, жимс тарьж, тэрнийхээ орлогоор  амьжиргаагаа залгуулж, зарим нь бүр бизнес болгон хэдэн саяар нь ашиг олж, хангалуун сайхан  амьдарч байна.  “Мод тарих үндэсний өдрийг” бий болгосон үндсэн зорилгын нэг нь энэ буюу ажилтай, амьдралтай болох.

Иргэн хүн байгаль орчинд ээлтэйгээс гадна  өөртөө өгөөжтэй, бусдад болон хойч үедээ буянтай ажил хийгээд хангуулан амьдрах чинь өнөөдрийн эрдэмтдийн хэлээд байгаа “Ногоон эдийн засаг, ногоон хөгжлийн бодлого” юм шүү дээ.

Бид анхнаасаа л энэ “Мод тарих үндэсний өдөр”-ийг  “үзүүлэн”  биш иргэн хүний оролцоог эдийн засгийн хувийн сонирхолтой нь холбож бүх нийтийг хамарсан хөдөлгөөн болгох зорилго тавьсан юм. Ямарч байсан эхлэл нь зөв тавигдаж  байна. Цаашид энэ маань Монголын төдийгүй эх дэлхийн ногоон хэрэм хөдөлгөөн болно гэдэгт итгэдэг.

Иргэдийнхээ идэвхтэй үйл ажиллагааг олон түмэндээ хүргэхэд манай хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг маш өндөр гэдгийг зориуд цохон тэмдэглье. “Танайд мод тарья” “Органик монгол” “Ногоон ирээдүй” “Цэцэгчний хүслэн” зэрэг теле нэвтрүүлгүүд, сонинуудын эко булангууд байгаль орчноо хамгаалах, зохистой ашиглах тал дээр томоохон нөлөө үзүүлж байна. Тиймээс хэвлэлийнхний маань  төлөөлөл ч өөрсдийн оруулж буй хувь нэмрээ төрөөрөө үнэлүүлэн та бүхэнтэй энд зэрэгцээд зогсож байна.

Манай залуу үеийнхэн ахмадуудынхаа адил эх нутаг, байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд идэвх санаачилга гаргаж манлайлан оролцож байгаад би их бахархдаг. Тэдний  манлайд явж, өдөр тутам уйгагүй хөдөлмөрөөрөө үлгэрлэж байдаг та нар бол монголчуудын даган дууриах, бахархан хүндэтгэх хүмүүс мөн.

Та нартаа дахин баяр хүргэж, улам олон ногоон төгөл, баян бүрдийг бүтээж домог болон үлдэхийн ерөөл дэвшүүлье” гэв.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж