Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

Мэдэгдэл

2010 оны 5 дугаар сарын 6

Монгол  Улсын дээд боловсролын үндэсний төв, эрдэм оюун, хөгжлийн их уурхай МУИС-ийн хөгжил дэвшил, ирээдүйн төлөө ухаан, сэтгэл зовниж буй эрдэмтэн багш, ажиллагсдын төлөөлөл бид ард түмэн, нийт төгсөгчид болон олон мянган оюутан залуус, тэдний гэр бүлийнхэнд дараах МЭДЭГДЭЛ-ийг сонордуулж байна.
МУИС-ийн захирлыг сонгон шалгаруулах тухай БСШУЯ-ны 2010 оны 4 дүгээр сарын 15-ны шийдвэр нь Монгол Улсын Ерөнхий сайдын хэрэгжүүлж эхэлсэн дээд боловсролын бодлого, хөгжлийг дэлхийн өндөр төвшинд хүргэх зорилгод нийцсэн чухал алхам болжээ. Гэвч энэхүү сайн эхлэлийн “хар сүүдэр” болж, МУИС-ийн удирдлагын хоёр болон нэгдүгээр “хүнээр” 20 гаруй жилийг үр бүтээлгүй сандал бөглөн өнгөрөөж, өнөөг хүртэл их сургуулийн сургалт, судалгааны хөгжлийн нэгдсэн бодлого, оновчтой тогтолцоог бүрдүүлж чадаагүй төдийгүй санхүү, эдийн засгийн олон алдаа завхралын гол буруутан болж, хамт олны шаардлагаар огцорч байсан төдийгүй ов мэх хэрэглэн сүүлийн хоёр жил захирлын албан тушаалд хууль бусаар томилогдон, бүх шатны таван удаагийн шүүхийн шийдвэр, дүгнэлтийг бүдүүлгээр зөрчиж ирсэн С.Даваа нэрээ ичгүүргүйгээр дахин дэвшүүлж байгааг эрс эсэргүүцэж байна.   
С.Даваа нь 1996 оноос эхлэн элсэлтийн шалгалт, хандивын анги, сургалтын төлбөрийн нэмэлт зэрэг санхүүгийн луйвар, зүй бус үйлдлээ далдлан хэрэгжүүлэх зорилгоор “МУИС-ийн хөгжлийн сан” нэртэй төрийн бус байгууллагыг санаачлан зохион байгуулсан бөгөөд өнгөрсөн арав гаруй жилд олон зуун сая төгрөгийн хууль бус үйл ажиллагаанд шууд холбоотой нэгэн болно. Тиймээс С.Даваа нь МУИС-ийн захиралд нэрээ дэвшүүлэх эрхзүй болоод ёс зүйн эрхгүй төдийгүй мэдлэг мэдээлэл, технологийн эрс хувьсгал, хөгжлийн энэ цаг үед их сургуулийн удирдах албан тушаалд ажиллах мэдлэг чадваргүй нэгэн болно.  
С.Даваа нь их сургуулийн хөгжил дэвшлийн үндэс болсон сургалтын агуулга, стандартыг шинэчлэх болон багшлах боловсон хүчнийг хөгжүүлэх бодлогыг олон жил урсгалаар нь орхиж, тал тохой татан, тойрон хүрээлэгчдийн багийг бий болгон улмаар хамт олны санал санаачлагыг үл ойшоох, багш нарыг ялгаварлан гадуурхах зэрэг зүй бус хандлагаар “удирдалгүй удирдаж“ өнөөдрийг хүрснээр МУИС-ийн төдийгүй монгол улсын дээд боловсролын өнөөгийн уналт хямралын хариуцлагыг хүлээх ёстой гэмтэн мөн.      
 МУИС-ийн шинэ захирал нь даяарчлал, мэдлэгт суурилсан эдийн засгийн шинэ эрин үед улс орны хөгжил, ирээдүйн тулгуур, хөдөлгөгч хүчний нэг болсон дээд боловсролын тогтолцоог эрүүлжүүлэхэд үлгэр үзүүлэн, дэлхийн төвшинд хүргэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг ачааг дааж чадах нэгэн байхыг бид хүсч байгаа бөгөөд тийм нэр дэвшигч, эрдэмтэн захиралтай хамтран ажиллах болно.      

МУИС-ийн Багш нарын Холбоо, “МУИС-Реформ” баг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж