“Хаврын баяр” үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

“Хаврын баяр” үргэлжилж байна

Монголын залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хаврын баяр” цэнгээнт бүжгийн улсын наадам өчигдөр Бөхийн өргөөнд эхэллээ. Хүүхэд залуучуудын дунд бүжгийн урлагийг хөгжүүлж, урлагийн их наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах, хүүхэд залуучуудын авъяас билгийг хөгжүүлэн дэмжих, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, гоо зүйн мэдрэмжийг дээшлүүлэхэд уг наадмын зорилго оршиж байгаа юм. 26 дахь жилдээ зохион байгуулж байгаа урлагийн наадамд аймаг, нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, залуучуудын хамтлагууд оролцохоос гадна, сүүлийн таван жилд АНУ, БНХАУ, ӨМӨЗО, ОХУ, БХСУ-ын “Evergreen” зэрэг хамтлаг бүжигчид оролцсон олон улсын чанартай болсон билээ. Энэхүү  их наадмыг Монголын залуучуудын холбооноос “Үндэстнээ дэмжих жил”-ийн хүрээнд зохион байгуулж байгаагаараа онцлог. Энэ өдрүүдэд нийслэл, дүүрэг, хот, хөдөө, орон нутгаас шалгарсан 40 гаруй хамтлагийн 1300-аад оролцогч европ, латин америк болон зохиомжит бүжгүүдээр өрсөлдөж “Шилдэг бяцхан хос”, “Латин америк бүжгийн шилдэг хос”, “Шилдэг хаан, хатан хосын аварга”, “Европ бүжгийн аварга хос”, “Цэцэрлэгийн шилдэг хамтлаг”, “Ерөнхий боловсролын сургуулийн шилдэг хамтлаг”, “Залуучуудын шилдэг хамтлаг”, “Ахмадын шилдэг хамтлаг” гэсэн номинациудаар оны шилдгүүдээ шалгаруулах. Өнөөдөр Бөхийн өргөөнд 10.00 цагаас цэцэрлэг, 14.00 цагаас залуучууд, хосын төрөл, 19.00 цагаас “Шилдгүүдийн гала тоглолт” болно.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж