Улаан, цэнхрийг хослуулсан Орхон

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Улаан, цэнхрийг хослуулсан Орхон

Монгол Улсын 21 аймгаас улсын төсвөөс татаас авалгүй өөрөө өөрийгөө аваад явдаг ганцхан аймаг нь Орхон. Тус аймагт үйл ажиллагаа явуулдаг уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр Монгол Улсын гурав дахь том хот болох Эрдэнэтийг тэжээгээд зогсохгүй улсын төсвийн дийлэнх хувийг бүрдүүлсээр ирсэн.

Уг нь Эрдэнэт хотыг хуучин цагт уурхайн хот, залуучуудын хот гэж алдаршуулдаг байв. Харин сүүлийн 20 жилийн турш энэ хотынхныг ичээж буй ганц зүйл нь “Эрдэнэт” үйлдвэрийн үе үеийн дарга нартай холбоотой ”идсэн, уусан” гэх мэдээллүүд. Саяхан аймгийн Засаг ноён нь бас л АТГ-т шалгагдаж, албан тушаал, авлигын хэргээр ял аваад явсан. 1997 онд ТӨХ-ны дарга Д.Одхүү нэг удаа “Эрдэнэт” үйлдвэрийн захирлын хаалгыг сүхээр нээж, тамга тэмдгийг нь хурааж авсныг эс тооцвол тус үйлдвэр сүүлийн 20 гаруй жил эрх барьсан МАХН, МАН-ын “саалийн ганц үнээ” байсаар ирсэн билээ. Ш.Отгонбилэг агсныг УИХ-д сонгогдож, зуурдаар нас барснаас хойш МАХН /одоогийн МАН/-ынхан “Эрдэнэт” үйлдвэрийн захирлын албан тушаалыг УИХ-ын огцорсон гишүүд, эсвэл арга хэмжээ авагдсан нөхдүүдийн амралтын газар болгоод байгаа. Хамгийн сүүлд 2008 оны сонгуулийг “илт будилуулсан” хэмээн УДШ-ээс албан тушаалын хариуцлага тооцуулахаар шийдвэрлэсэн СЕХ-ны дарга асан Б.Баттулгыг “Эрдэнэт” үйлдвэрийн боловсон хүчин эрхэлсэн захирлаар залаад байгаа.

Харин “Эрдэнэт” үйлдвэрийн хуучин дарга нар улстөрд орж, УИХ-ын гишүүн болсноор араа хамгаалдаг юм шиг байна лээ. Хамгийн түрүүнд Ардчилсан холбоо эвсэл төр барьж байх үед “Зууны манлай луйварчин” хэмээн цоллуулж ажлаа өгсөн Ш.Отгонбилэг агсан эрдэнэтчүүдийн 100 хувийн саналаар УИХ-д сонгогдож байлаа. Дараа нь УИХ-ын гишүүн Х.Наранхүү, Д.Дамба-Очир, Д.Одхүү, Ё.Баярсайхан гэх мэтчилэн. Орхончууд УИХ-д хоёр мандаттай.

Өмнөх сонгуулиудаар орхончууд Ардчилсан нам, Ардын намын /хуучнаар МАХН/ аль алиныг нь сонгож байв. УИХ-ын 2004 оны сонгуулиар Ардчилсан намаас тойрог авч чадаагүй Д.Одхүү Орхонд бие даан нэр дэвшээд намдаа нэг суудал авчирч байв. 2008 онд нам нь түүнд томилолт өгсөн нь алдаагүй. Түүнтэй хамт 2004 оны сонгуульд МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Г.Адьяа УИХ-д сонгогдож, харин 2008 онд “Очир төв” компанийн захирал Д.Дамба-Очир сонгогдож байв. Одоо “Эрдэнэт” үйлдвэрийн бас нэг захирлаар ажиллаж байгаа Ё.Баярсайхан /Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярын төрсөн ах/ ч бас л 2000 оны сонгуулиар тус аймгаас УИХ-д сонгогдож байсан. Харин 2004 онд Д.Одхүүд өвдөг шороодсоных нь дараа нам нь түүнийг үйлдвэрийн захирлын суудлаар шагнасан юм.

Одоо УИХ-д сууж байгаа Д.Дамба-Очирыг ч гэсэн нийслэлийнхний дунд “хамгийн муу замчин” гэдгээрээ алдартай. Лүнгийн замыг там болгосных төлөө өгсөн “Дамба-Очирын Там-Очир” гэх нэр лав түүнийг улс төрөөс яван явтал салахгүй биз. Харин дөрвөн жилийн хугацаанд “зурагтаар цөөхөн гарсан” түүний хувьд аврал болсон юм. “Эрдэнэт” үйлдвэрийн захирлын албан тушаалд байхдаа намдаа хандивласан мөнгөнийх нь үйлчлэх хугацаа дуусаагүй бол энэ сонгуулиар нам нь түүнийг дахин сойх биз.

Ямар ч байсан энэ удаагийн сонгуульд Орхоны тойрогт МАН-аас нэгээр гарч нэр дэвших хүн нь Ш.Отгонбилэг агсны хүү О.Содбилэг болоод байгаа. Түүний араас Д.Дамба-Очир “ах” нь дагаж магадгүй.

Харин Ардчилсан намаас УИХ-д хоёронтоо суусан Д.Одхүү, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэг нарын нэрийг зоогоод байгаа юм билээ. Ардчилсан намын эмэгтэйчүүдээс энэ сонгуулиар хамгийн түрүүнд урагшаа гарч зогссон, “Би улс төрд байх ёстой хүн” гэж хэлж чадаж байгаа хүн бол М.Батчимэг зөвлөх. Ардчилсан намын залуучуудын “Нэг Ардчилал” клубын зохи­цуулагч байх­даа зөвхөн Орхон ч гэлт­гүй бараг бүх аймгаар явж, орон нутгийн иргэдтэй уулзан “Иргэнд суурилсан хөгжлийн яриа” хэлэлцүүлгээрээ өөрийгөө олны өмнө нээж чадсан. Тэдэнтэй өнгөрөгч 2008 оны сонгуульд тус тойрогт нэр дэвшиж, 25 хувийн саналаар таслуулж байсан Д.Оюунцэцэг гэж эмэгтэй нам дотроо өрсөлдөж магадгүй. УИХ-ын сонгуулийн хуульд “нийт нэр дэвшигчдийн 20-иос багагүй хувьд эмэгтэйчүүд байна гэсэн сургаар “Ногоон сувгийн” Б.Батзул ч мөн нэр дэвшихээр болоод байгаа гэсэн. Тэр өнгөрөгч 2008 оны сонгуульд Орхонд ИЗН-аас нэг удаа нэр дэвшээд, бас ч үгүй орхончуудын 14 хувийн саналыг авчихсан удаатай.

Орхоны сонгуулийг “будилуулж” магадгүй бас нэг хүн нь “Эрдэнэт” үйлдвэрийн дэд захирал Ц.Бат-Энх. Тэр УИХ-ын гишүүн асан Ц.Батаагийн төрсөн дүү бөгөөд “Эрдэнэт” үйлдвэрийн дэд захирлаар томилог­дохоосоо өмнө Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. 

Ерөнхийдөө орхончууд сүүлийн хэдэн сонгуульд Ардчилсан намын цэнхэр туг, Ардын намын улаан тугийг аль алийг нь зэрэгцүүлсэн сонголт хийж ирсэн. Харин энэ удаад салхи хаашаа эргэхийг намын дарга нарын мэргэн шийдэл, орхончуудын сонголт мэднэ.

Ш.ОЮУНЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж