“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар гарлаа

Эмхэтгэлийн шинэ дугаарт, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлж, Д. Сугар, Т. Лхагваа нарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр, мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг чөлөөлж, оронд нь Бямбажавын Ганбат, Ганбаатарын Гэрэлт-Од, Баянмөнхийн Билэгт, Дашзэвэгийн Эрдэнэчулуун, Нацагийн Дагва нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр  томилсон Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэллээ.

Мөн Монгол Улсын Их Хурлын тогтоолоор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны ээлжит сонгуулийн улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 464.9 сая төгрөгөөр тогтоосон байна. Түүнчлэн Хөрөнгө, орлогын мэдүүлгийн  маягт, түүнийг бүртгэх, хадгалах журам батлах тухай” Улсын Их Хурлын 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 9 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай УИХ-ын тогтоолыг нийтлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зарим гадаад улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд нарыг эгүүлэн татаж, томилсон байна.

Автобензин, дизелийн түлш, мах, нийтийн тээврийн  үнийг   тогтворжуулах    зарим   арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд бүрэн эхээр нь нийтэллээ. Үүгээр нийтийн тээврийн үйлчилгээний үнэ тарифыг нэмэгдүүлэхгүй байх зохицуулалт хийж ажиллахыг, нийтийн тээврийн байгууллагын дизелийн түлшний хангалт, нийлүүлэлтийг жигд, үнийг тогтвортой байлгах талаар тодорхой арга хэмжээ авч ажиллахыг, дотоодын зах зээлийг хамгаалах, махны хангамжийг тогтворжуулах зорилгоор махны экспортыг 2012 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл түр хугацаагаар хязгаарлахыг холбогдох албаны хүмүүст  даалгасан байна. Энэ тогтоолын хавсралтаар нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулан мах бэлтгэн 2012 оны 3 дугаар сарын 1-нээс 7 дугаар сарын 1-ний хооронд нийлүүлэх хэмжээг тодорхой тусгажээ.

Иргэдийг жилийн 6 хүртэл хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулахад шаардагдах санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх зорилгоор   200.0 (хоёр зуун) тэрбум хүртэлх төгрөгийн үнэт цаас гаргахыг Үнэт цаас  болон Засгийн газрын  баталгаа гаргахыг  Монгол Улсын Засгийн газрын  тогтоолоор зөвшөөрсөн байна.

Үндэсний хөтөлбөр батлах тухай Засгийн газрын тогтоолыг эмхэтгэлд нийтэллээ. Тогтоолоор Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого,  Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалын заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Монгол судлалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталж,  хэрэгжилтэд нь хяналт  тавьж ажиллахыг Боловсрол,  соёл,  шинжлэх  ухааны  сайдад  даалгажээ.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт, Эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бүрэн эхээр нь нийтэллээ.

“Төрийн мэдээлэл“ эмхэтгэлийн редакци
2012.05.18

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж