Нэгэнт өнгөрсөн, нэг оронд орсон-2

Хуучирсан мэдээ: 2012.05.22-нд нийтлэгдсэн

Нэгэнт өнгөрсөн, нэг оронд орсон-2

Хөгжиж буй орны хамгийн ашигтай бизнес нь улс төр гэсэн үг бий. 1989 онд BBC агентлагийн нэгэн сурвалжлагч Уганда улсаас сурвалжлага бэлдэж байхдаа ийнхүү уулга алдаж байжээ. Байгалийн баялгаас олсон орлого нь эрх мэдэлтнүүдийн гарт орж, ард иргэд нь хэдхэн төгрөгөө булаацалдан иргэний дайн дэгдэж байсан цаг үе. Хамгийн гол нь улс төрд нь Нигерийн бизнес эрхлэгчид шургалсан болохоор ийм хямрал үүсэхэд хүргэсэн гэдгийг хожим нь мэдсэн билээ.

Цаг хугацааны хүрдийг бага зэрэг урагшлуулаад өнөөгийн Монголд хүрэлцэн ирцгээе. Монголд байдал ямар байгаа вэ? Хэцүү байгаа. Улс төр, бизнес хоёр нэг хөнжилд орж аль нь алиныхаа үүргийг гүйцэтгээд байгаа нь мэдэгдэхээргүй болсон. Бизнес нь улс төр үү, улс төр нь бизнес үү, бүү мэд. 76 “ширхэг” эрхмийг харвал улстөрч ч юм шиг. Бизнес эрхэлдэгийг нь тоолохоор бизнесменүүд ч юм шиг. А-аас эхлээд Я хүртэл УИХ-ын бизнесменүүдийн тоо араасаа цуварч өгнө. Ямар сайндаа саяхан гарсан “Төрийн түшээ ба сэтгүүлч” гэсэн нэвтрүүлэг дээр УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Би есдүгээр ангид байхдаа автомашин авчихаар мөнгө олж байлаа” гэж ярьж байх вэ дээ. Нэрийг нь харвал төрийн түшээ ярьж байгаа мэт боловч, эгээ л тэрбумтан мэт ярьж байна, эрхэм төрийн түшээ. Одоогоос гурван жилийн өмнө Дональд Трамп ингэж ярьж байж билээ. Ялгаатай нь тэр бага сургуульд байхдаа жижиг тоглоом, гэр ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн зарж ашиг олж байжээ. Бизнесмэн мөнгө олохыг бодох нь зайлшгүй. Тиймийн тулд гүйлгээ ухаан гарган, зөв менежменттэй байж гэмээнэ бизнесийн хувьд хөл дээрээ бат зогсоно. Яг үүнд “би” төвт үзэл оршиж байгаа биз. Харин улстөрчид мөнгө олох гэж улайраад, зөв менежмент хийх гээд, баяжих гээд байх ямар ч шаардлага байхгүй. Учир нь, тэр иргэн Дондог, Готовын өмнөөс сонгогдсон болохоор тэр. Бизнесмэнээс ялгаатай нь улстөрч хүн зөвхөн өөрийгөө биш олон хүнийг баяжуулах гэж хичээдэгт оршиж байгаа юм.

Улстөрч хүн бизнесмэн шиг сэтгээд эхэлбэл юу болдог вэ гэдгийг Энэтхэгийн жишээ тод харуулна. Төрийн эрх барилцаж буй хүмүүсийн олонхи нь бизнес эрхэлдэг учраас эрх баригчдаас гаргаж байгаа ихэнх хууль, тогтоомж тэдэнд ашигтайгаар батлагдаж, асар их хөрөнгө мөнгийг өөрсдөдөө хуримтлуулна.

Тийм ч учраас сүүлийн хэдэн жилийн хугацаанд дэлхийн тэрбумтнууд овоо их төрж байгаа юм. Гэхдээ төр, бизнес хоёрын нэг хөнжилд орсон байдлаас энэ тэрбумтнууд төрсөн гэдгийг санахад илүүдэхгүй. Тийм ч учраас нийгмийн давхаргын харьцаа алдагдаж баян нь хангартлаа баяжиж, ядуу нь хувхайртлаа ядуурах тийм эмгэнэлтэй хууль энд үйлчилдэг билээ.

Харин Монголд ямар байна вэ? Яг л ижил. Төрд ихэвчлэн архи, тамхины бизнес эрхэлдэг хүмүүс шургалсан учраас архины татвар, үнийг нэмэх, тамхи татдаг хүмүүсийг торгох зэрэг хуулиуд батлагдахгүй удаж байна. Сонирхлын зөрчлийн тухай хууль хэдийгээр пиар сайтай ч яг амьдрал дээр шийдлээ хүлээж байгаа заалтууд тусгагдаагүй үлдсэн. Гэх мэтээр улс төр, бизнес хоёр нэг хөнжилд орсны гайгаар шийдлээ хүлээсэн олон асуудал хуулинд тусгалаа олсонгүй.

Нэгэн улстөрч ийн ярьжээ. “Улс төр бизнес хоёр нэг тогоонд багтахгүй гэдэг их хуучирсан ойлголт. Өнөөдөр улс төр л гэж байна. Гэхдээ УИХ дээр яригдаж, шийдэгдэж буй асуудлын дийлэнх нь иргэдийн амьжиргаа, эдийн засагтай холбоотой байдаг. Дэлхийн жишигт ч парламентын бүтцийг авч үзэхэд 40-50 хувь нь улс төр, эдийн засгийн салбараас, үлдсэн 60-аад хувь нь төрийн байгууллагаас бүрдсэн байдаг” гэж. Энэ бол УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Chuhal.mn сайтад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард өгсөн ярилцлага.

Эрхэм улстөрчид баяр хүргэе. Их “зөв” юм ярьжээ. Эдийн засгийн асуудлыг хөнддөг, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх гэж л бүрэлддэг учраас парламентад бизнесменүүд шургалахыг дэлхийн ямар ч улс орон дэмждэггүй. Яагаад гэвэл баялаг хэдхэн хүний гарт төвлөрөх учраас тэр. Тэгээд ч улс орны эдийн засаг өсч байгаа мэт харагдавч цаанаа эрх мэдэлтнүүдийн гарт ордог учраас улс төр, бизнес хоёрыг нэг хөнжилд оруулахыг хүсдэггүй ажээ.

Нэг хөнжилд орсоны анхны шинж тэмдэг юу вэ? Эдийн засаг өсч эхэлнэ. Гэхдээ энэ нь түрхэн зуурын л үзэгдэл байх болно. Баялаг хэдхэн хүний гарт хуваарилагдана. Халамжийн төрөл бүрийн систем гаарна. Баялаг хэдхэн хүний гарт төвлөрч байгааг мэдэгдэхгүйн тулд ийнхүү халамжийг баруун, солгойгүй цацдаг ажээ. Юмны үнэ огцом өснө. Үгсэн тохиролцож үнээ нэмэх үзэгдэл газар авна. Шинж тэмдэг нь илэрсэн, илрэхээр барахгүй хүндэрсэн эсэхийг дүгнэх боломжийг танд үлдээе.

Бид энэ бүгдийг хэрхэн өөрчлөх вэ? Бизнес, улс төр гэх хоёр нөхрийг нэг орноос нь хөндийрүүлэх хэрэгтэй. Чухамдаа бид үүнийг дөрөвхөн жилд ганц оногдох сонгох эрхээрээ шийдэж болох ч салгаж чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Найман жил бид хуруун дээрээ тэмдэглүүлж, хаалттай хөшигний ард хэн нэгний нэрийг дугуйлдаг ч ирээдүйгээ шийдсэн нь үгүй. 70 жил бизнес гэдэг “хүн”-ийг хөнжилдөө хавьтуулалгүй, бүр хөөж, үзэн яддаг байсан манай төр одоо хөнжилдөө оруулж ирээд, нялуун гэгч нь хэвтэж байна. 70 жил харагдаагүй шинэ хүн болохоор арга ч үгүй биз. Гэхдээ нэн даруй холдуулахгүй бол үр дүн нь хэзээ ч засахааргүй болж магадгүй. Нэг хөнжилд орсоны бэлээхэн жишээ олон. Аргентин, Уганда, Нигер, Сьерра-Леон гээд явж өгнө. Одоо тэд бүгд хөгжлөөрөө бусад орноос сүүл мушгиж байгаа билээ. Хөнжлөөсөө хэзээ салахыг хэлж мэдэхгүй нь. Гэхдээ эртхэн байгаасай л гэж найдья. Учир нь нар жаргасны дараа дахиад л нар манддаг шүү дээ.

Жич: Heritage Foundation төрийн бус байгууллагын гаргадаг Эдийн засгийн эрх чөлөөний 2012 оны судалгаагаар бид хагас эдийн засгийн эрх чөлөөтэй орон буюу 81 дүгээр байрт жагсчээ.

Б.Болорсүх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж