Мөнгө, хүрэл медалийг ихэрлүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.05.28-нд нийтлэгдсэн

Мөнгө, хүрэл медалийг ихэрлүүлэв

ОХУ-ын нийслэл Москва хотноо өнгөрөгч амралтын өдрөөр болсон жүдо бөхийн “Их дуулга” тэмцээний эхний өдөр Монголын жүдочид нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртээд байсан бол өчигдөр мөнгө, хүрэл медалийг ихэрлүүлэв.

Тэмцээний хоёр дахь өдөр хүнд жингийн барилдаанууд болсон. Монголын багаас эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Г.Түвшинжаргал, -100 кг-д Б.Тэмүүлэн, эмэгтэйчүүдийн 70 кг-д Ц.Наранжаргал, -78 кг-д П.Лхамдэгд нар зодоглосноос бүгд медалийн тавцанд гарсан юм. Тодруулбал, ОУХМ П.Лхамдэгд, Ц.Наранжаргал нар мөнгө, Б.Тэмүүлэн, Г.Түвшинжаргал нар хүрэл медалийн эзэд болжээ.

Харин эхний өдөр Монголын тамирчдаас 60 кг-ын жинд ОУХМ Д.Төмөрхүлэг мөнгө, мөн 60 кг-д Г.Болдбаатар, 66 кг-ын жинд С.Мияарагчаа, 73 кг-д С.Ням-Очир, эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц.Мөнхзаяа нар хүрэл медаль хүртсэн билээ.

Ийнхүү эрэгтэй долоо, эмэгтэй дөрвөн тамирчны бүрэлдэхүүнтэй “Их дуулга”-д оролцсон Монголын жүдочид дөрвөн мөнгө, таван хүрэл медаль хүртсэнээр багийн амжилтаар 34 орноос есдүгээр байрт бичигдлээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж