НИТХ-ын сонгуульд Э.Бат-Үүлийг бүртгэсэнгүй

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

НИТХ-ын сонгуульд Э.Бат-Үүлийг бүртгэсэнгүй

Нийслэлийн Сонгуулийн хорооноос НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн батламжийг гардуулах хугацаа өчигдрөөс дуусгавар боллоо. МАН-аас нэр дэвшигчид өчигдөр батламжаа 45-уулаа авсан бол Ардчилсан намын 44 нэр дэвшигч батлам­жаа авахаас татгалзсан юм. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн батламж гардуулахыг түр хугацаагаар хойшлуулсан учир тэд ийнхүү татгалзжээ.

НИТХ-д нэр дэвшсэн 44 нэр дэвшигч нь “Бид багаар ажиллахаар нэр дэвшиж бай­гаа. Хэрэв Ардчилсан намаас нэр дэвшигч Э.Бат-Үүлийг бүртгэхээс татгалзаж байгаа бол бид батламжаа авахаас тат­гал­заж байна” гэж мэдэгдсэн. НИТХ-ын сонгуульд нэр дэвш­сэн эрхэм гишүүн Э.Бат-Үүл тэргүүтэй Ардчилсан намын 45  нэр дэвшигч атламж авах ёстой байсан юм.

Нэр дэвшигч Э.Бат-Үүл гишүүн Сэлэнэ аймагт ажил­лаж байгаа бөгөөд дөрвөн жил хийсэн ажлаа, ямар шалтгаанаар нийслэлд нэр дэвших болсон зэргийг тайлагнаж яваа. Харин түүнийг эзгүй хойгуур нийслэлийн Сонгуулийн хороо батламж өгөх эсэхийг нь түр хойшлуулсан юм байна.

Нийслэлийн Сонгуулийн хорооноос “Нэр дэв­шигч Э.Бат-Үүл гишүүнд “Орон нутгийн сонгуулийн хуулийн дагуу албан тушаалаасаа түр түдгэлзэх хэрэгтэй” гэдгийг албан ёсоор өөрт нь мэдэгдсэн ч хариу өгөөгүй, орон нутагт яваа учраас түр хойшлуулаад байна. “Хуулийн хугацаанд албан тушаалаасаа татгалзаагүй” гэсэн үндэслэлээр бүртгэхгүй байгаа” гэлээ. Мөн нийслэлийн Сон­­гуу­лийн хорооноос СЕХ, Улсын дээд шүүх, УИХ-ын Тамгын газарт асуулга хүргүүлсэн байна. СЕХ, УИХ-ын Тамгын газраас энэ асуудлыг Нийслэлийн Ардчилсан намын хүрээнд шийдвэрлэх хариу өгсөн байна.

Улсын дээд шүүхээс одоогоор хариу ирээгүй байгаа гэж нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд  хэлсэн.

Гэвч УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл өөрөө “Надад нэр дэвших боломжгүй гэж мэдэгдсэн зүйл байхгүй. Харин батламж гардуулах болохоор тэд гэнэт нэр дэвшүүлэхгүй гэх зүйл ярих байх гэж болгоомжилж байна” гэдгээ хэлж байсан юм.

Мөн нийслэлийн Ардчилсан намаас өчигдөр мэдээлэл хийсэн. Нийслэлийн АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Гантөмөр “Бид ялбал хамтдаа ялах ёстой гэж үзэж 44 нэр дэвшигч хурлыг орхиж гарсан. Энэ талаар ямар арга хэмжээ авах, ямар үндэслэл барих талаар сая нийслэлийн ИТХ-ын сонгуулийн хороонд албан бичиг гардууллаа” гэлээ.

Э.Бат-Үүл гишүүний хуулийн зөвлөх С.Отгонгэрэл “Э.Бат-Үүл гишүүнийг нийслэлийн ИТХ-д дэвшүүлэхгүй байх үндэслэл байхгүй. “Хуульд зааснаар төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн албан хаагчид тухайн сонгуульт оны нэгдүгээр сарын 1-нээс ажлаа өгнө. Харин УИХ-ын дарга, дэд дарга, гишүүд нь улс төрийн албан хаагч тул сонгуульд оролцохын тулд албан тушаалаа өгөх шаардлагагүй. Э.Бат-Үүл гишүүн нийслэлийн ИТХ-д нэр дэвшсэнээс бус УИХ-д нэр дэвшээгүй. Иймээс нийслэлийн ИТХ-ын сонгуулийн хороо түүнийг нэр дэвшигчээр бүртгэх ёстой” гэсэн юм.

Мөн нийслэлийн Ардчилсан намын дэд дарга Н.Батаа “УИХ-ын гишүүн сонгуульд нэр дэвшихийн тулд албан тушаалаа өгөх тухай заалт байхгүй. Монгол Улсын баатар, Э.Бат-Үүл гишүүнд нэр дэвших батламж өгөхгүй байгаа нь нийслэлд засаглаж байгаа МАН-ын үе үеийн удирдлага мафи, авлигын сүлжээгээ хадгалж үлдэх гэсэн асуудал гэж үзэж байна. Ардчилсан нам Улаанбаатарт өөрчлөлт оруулж шинэчлэх ёстой. Ардчилсан нам хамгийн шилдэг кадруудынхаа нэг, Улсын баатар Э.Бат-Үүлийг нийслэлд илгээсэн. Гэтэл МАН-ын зүгээс Ардчилсан намын улс төрийн ирийг мохоох гэж батламж олгохгүй байна. Өнөөдрийн /өчигдрийн/ 24.00 цагт нэр дэвшигчдийг бүртгэж дуусах ёстой. Ардчилсан намын нэр дэвшигчид өмнөх мафийн сүлжээг устгахын тулд хамтаараа батламжаа авахаар үнэмлэхээ гардахаас татгалзлаа. Гишүүн Э.Бат-Үүл Сэлэнгээс ирээд ямар алхам хийхээ шийднэ” гэв.

Мөн тэд “Нийслэлийн сонгуулийн хороонд Ардчилсан намын гишүүн байхгүй, бүгд МАН-ын хүмүүс байдаг ч тэд намаасаа түр татгалзсан хүмүүс. Э.Бат-Үүл гишүүнийг гаргахгүй байх санаатай байна. Хууль эрх зүйн орчин нь тов тодорхой тул Э.Бат-Үүл гишүүнийг нэр дэвшүүлэхгүй байх ямар ч шалтгаан байхгүй  гэж байлаа. Энэ удаа УИХ-ын сонгуультай зэрэг болох Нийслэлийн ИТХ-ын сонгуульд намууд 30 нэр дэвшигчийг тойрогт, 15 нэр дэвшигчийг намын жагсаалтаар өрсөлдүүлэхээр сойж байгаа юм.  Нийслэлийн Ардчилсан намаас энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг албан бичгээр Нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлсний дагуу Нийслэлийн сонгуулийн хороо хэлэлцэн шийдвэрлэхээр өчигдөр хуралдсан юм. Нэр дэвшигчдийн нэрс ил болсноос тав хоногийн дотор батламжийг нь гардуулж, батламж авсан өдрөөс эхлэн нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэх ёстой юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж