“Бороо гоулд” ХХК “Манлай татвар төлөгч”-өөр шалгарав

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

“Бороо гоулд” ХХК “Манлай татвар төлөгч”-өөр шалгарав

Өнгөрөгч баасан гаригт Монголын бизнесийн ертөнцөд нэгэн том үйл явдал болсон нь Үндэсний татварын ерөнхий газраас Монгол Улсын шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийг зарласан явдал. Жилийн жилд тодруулдаг уламжлал болсон арга хэмжээ хэдий ч эндээс Монголын бизнесийн ертөнцийн “акул”-ууд өөрсдийн байр суурийг тодотгож авдаг. Өнгөрсөн хугацаанд ҮТЕГ-аас нийт 70 шахам аж ахуй нэгжийг “Найдвартай татвар төлөгч”-өөр зарлаад байгаа юм байна. “Найдвартай татвар төлөгч”-өөс нэг шат ахиулан “Тэргүүний татвар төлөгч”, ахиад нэг шат ахиулан “Манлай татвар төлөгч” компаниудыг шалгаруулдаг. Манлай татвар төлөгчийг улс болон орон нутгийн төсөвт тэрбумаар тоологдох орлого оруулдаг толгой компаниудаас тодруулдаг. Энэ жилийн “Манлай татвар төлөгч”-дийг “Бороо гоулд” ХХК 40 тэрбум 651,7 сая төгрөгийн татварын орлогоор тэргүүлж, “Мобиком” корпораци 38 тэрбум 381,3 сая төгрөг, НИК 26 тэрбум 715,8 сая төгрөг, “Спирт бал бурам” ХК 21 тэрбум 237,2 сая төгрөг, “Монголын алт”/МАК/ компани 19 тэрбум 366,2 сая төгрөг, “Монгол тамхи со” ХХК 15 тэрбум 430,1 сая төгрөгийн татварын орлогоор араас нь жагсчээ.
“Манлай татвар төлөгч”-дийн өргөмжлөлийг гардуулж өгсөн УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт “Улс орны эдийн засгийн хөгжил, төсвийн орлогыг бүрдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсаар ирсэн шилдэг татвар төлөгчиддөө баярлалаа. Та бүхний төлсөн татвараар төрийн алтан сан хөмрөг арвижиж, төрийн үйлчилгээг цаг алдалгүй шуурхай, чанартай хүргэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг” гээд цаашид Засгийн газраас стратегийн орд газрууд дээрх томоохон төслүүдийг хэргжүүлэхдээ хувийн хэвшлийг үргэлж дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Өнөөдөр манай улсын төсвийн нийт орлогын 81,5 хувь татварын орлогоос, 17,6 хувь татварын бус орлого, 1,2 хувь тусламжийн орлого, 0,2 хувь хөрөнгийн орлогоос бүрддэг аж. Мөн Монгол Улсын ДНБ-ий 70,4 хувийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлдэг.
Цонх: “Бороо гоулд” ХХК-ийн хувьд 2004 оноосүйл ажиллагаагаа эхэлж, мөн ондоо долоон тэрбум, 2005 онд 10 тэрбум, 2006 онд 18 тэрбум, 2007 онд 43 тэрбум төгрөгийн татвар төлж, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дараа хоёрдугаарт жагссан байна. Харин 2008 онд 41 тэрбум төгрөгийн татвар төлж, “Эрдэнэт” үйлдвэр, “Мобиком” корпорацийн дараа гуравдугаарт орж байв. 2009 онд 40 тэрбум, 2010 оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 182 тэрбум 328 сая 325 мянган төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Тус компани одоо өдөрт дунджаар 200 сая орчим төгрөгийн татвар хураамж төлдөг байна.
“Бороо гоулд” компани 2004-2009 онд 44 тонн алтыг экспортод гаргаж, борлуулалтын орлого 1,1 их наяд төгрөгөөс 560 тэрбум нь татвар хураамж болон туслан гүйцэтгэх монгол компаниудын төлбөр, ажилчдын цалин хэлбэрэр Монголд үлджээ. Компани нийт 600 гаруй ажиллагсадтайгаас 30 хувь нь гадаад, үлдсэн нь монгол ажилчид. Монголын уул уурхайн компаниудад ажилчдын дундаж цалин 360 мянган төгрөг байдаг бол “Бороо гоулд“ компанийнх 1,3 сая төгрөг байгаа гэдгийг компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал John Kazakoff хэлж байна.
Тус компани алтыг зөвхөн ухаад хайлуулаад гаргах биш, Монгол Улсад уул уурхайн шинэ технологи, компанийн үйл ажиллагааны шинэ арга барилыг нэвтрүүлж байгаагаараа уул уурхайн бусад компаниудаас онцлог болохыг компанийн ерөнхийлөгч хэлж байна. Тухайлбал уул уурхайн ихэнх компаниуд алтны агууламж багатай, ашигласан шороогоо тэр чигээр орхисноос үүн дээр нь бидний “нинжа” гэж нэрлэж хэвшсэн гар аргаар алт угаагчид цуглаж, байгаль орчныг ихээр бохирдуулдаг. Харин “Бороо гоулд” компани 100 сая ам.долларын өртөг бүхий нуруулдан уусгах технологийг Монголд анх удаа нэвтрүүлснээр үйлдвэрлэлийн үр ашиг нэмэгдэхээс гадна байгаль орчныг хамгаалах бас нэг чухал алхам болсон юм. Тиймээс компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал John Kazakoff-ын ярианд анхаарал хандуулья.
-Манай компани Гачууртын алтны үндсэн ордын хайгуул, ашиглалтын лицензийг эзэмшдэг. Манай компани 2010 онд Гачууртын алтны үндсэн ордыг ашиглалтад оруулахаар төслийн бүх баримт бичгийг бэлтгээд байгаа. Хэрвээ Монголын Засгийн газар бидэнд үйл ажиллагаагаа эхлүүлэх зөвшөөрөл өгвөл ажлаа эхлэхэд хэдийн бэлэн болсон. Бид Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа татварын бүх нөхцөл, тэр дундаа Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн 68 хувийн татварыг ч төлөхөд бэлэн байна. Бид энэ ордоос 26,1 тонн алт олборлохоор төлөвлөөд байгаа. ингэснээр бид 203,7 тэрбум төгрөгийн төсөвт орлогыг бүрдүүлж, зөвхөн монгол ажилчдын цалинд 62 тэрбум төгрөг төлөх тооцоо хийгээд байна. Монгол ажилчдыг сургаж, ажилтай болгож, шинэ технологи нэвтрүүлэн Монголын эдийн засагт хувь нэмрээ оруулан үр ашигтай хамтран ажиллахын тулд бид Монголд урт удаан, олон жил ажиллахыг хүсч байна гэсэн юм.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж