Нэрийн өмнөх дугуй дүрсийг будна

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

Нэрийн өмнөх дугуй дүрсийг будна

СЕХ, Парламентын сэтгүүлчдийн холбоо хамтран өнөөдөр парламентын сэтгүүлчдэд зориулан “Сонгуулийн эрх зүйн орчин” сэдвээр сургалт зохион байгууллаа.

СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн сонгуулийн кампанит ажлын явц болон хууль эрх зүйн зохицуулалт сэдвээр танилцуулга, УБЕГ-ын Иргэний бүртгэл хариуцсан дэд дарга Г.Энхтайван, Мэдээлэл, технологийн газрын дарга Б.Чинбат нар иргэд, сонгогчдын бүртгэл, санал тоолох автомат машины талаар, УИХ-ын Тамгын газрын хэлтсийн дарга Д.Насанжаргал УИХ-ын анхдугаар чуулганы дэг, эрх зүйн зохицуулалтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Мөн сонгуульд ашиглах автомат машины ажиллагаатай танилцууллаа. Энэ жилийн УИХ-ын сонгуульд нэг сая 839984 сонгогч оролцоно. Сонгогчид энэ удаа санал өгөхдөө хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй болжээ. Юуны өмнө иргэдэд Сонгогчийн үнэмлэх тараахгүй. Урьдах сонгуулиудаар иргэдэд гэрт нь хүргэж өгдөг байсан Сонгогчийн үнэмлэхийг нэг ёсны урилга хэмээн үзэж саналаа өгдөг байсан бол энэ удаа тийм үнэмлэхгүй тул өөрсдөө хэсгийн хороон дээрээ очиж нэрээ шалгаад сонгуульдаа оролцох юм байна. Амралтын өдөр бус ажлын өдрийг амралтын болгон санал хураана гэдгээрээ онцлог.

Урьдын адил 07.00-22.00 цагт бус 07.00-20.00 цагийн хооронд санал авна гэдгийг санууллаа. Хэсгийн хороодод шинэчилсэн бүртгэлд хамрагдсан сонгогчдын хурууны хээний санг хүргүүлжээ. Санал өгөхөөр хэсгийн хорооны хаалгаар алхмагцаа иргэн хурууны хээгээ шалгуулах аж. Хурууны хээ тухайн хэсгийн хороонд очсон хээтэй тохирвол сонгогчийн бүх мэдээлэл гарч ирэх бөгөөд түүнийг иргэний үнэмлэхтэй нь тулгаад саналын хуудас өгөх ажээ.

Саналын хуудасны дээд хэсэгт тойрогт нэр дэвшигчдийн, доод хэсэгт нам, эвслийн нэр, ар талд нь нийслэлийн ИТХ-д дэвшигчдийн нэрс байх аж. Өмнөх шиг нэрсийн өмнөх дугаарыг дугуйлж зурахгүй, харин нэрийн өмнөх дугуй дүрсийг тусгай зориулалтын балаар дүүргэн будах юм байна. Өөрөөр хэлбэл, цулгуй дугуйг будаж дүүргэнэ гэсэн үг. Өөр тэмдэглэл хийвэл саналын хуудас хүчингүй. Сонгогч тухайн тойргийн мандатын тоонд тохируулан нэр дэвшигчийг тэмдэглээд, бас нам, эвслээс зөвхөн ганцыг тэмдэглэнэ. Нэг сайн тал нь нэр дэвшигчийг алдаж тэмдэглээд намыг зөв тэмдэглэсэн байлаа гэхэд саналын хуудас бүхэлдээ хүчингүй болохгүй, зөвхөн алдаатай хэсэг нь хүчингүй, зөв нь хүчинтэйд тооцогдоод явах нь.

Ингээд сонгогчийн ажил шувтрахгүй. Саналын хуудсаа гялгар хавтсанд хийж хэсгийн хорооны ажилтанд буруу газар илүү дутуу тэмдэглэл хийсэн эсэхээ хянуулна. Тухайн хавтасны сонгогчийн тэмдэглэл хийх ёстой хэсгийг сүүдэрлэн харлуулсан байх тул саналын нууцлал алдаглана гэж зовох асуудалгүй ажээ. Хэрэв саналын хуудас хүчингүй болохоор байвал дахин нэг удаа хуудас авч бөглөж болох ба өмнөх хуудасны дээд өнцгийг хайчлан хүчингүй болгож бүртгэх ажээ.

Үүний дараа сонгогч хавтаснаас саналын хуудсаа гарган машинд хийх юм байна. Энэ бүх процессийг дүрсжүүлж хадгалахаас гадна машин хуудасны хоёр талын зургийг авч санах ой болон флашинд давхар хадгалах гэнэ. Гэрэл тасарлаа гэхэд машин 13 цаг ажиллах нөөц цэнэгтэй.

Сонгогч хэсгийн хорооноос гарахдаа хуруугаа будуулахгүй, харин санал өгсөн тухай тасалбар авна. Энэ тасалбар гурван хувь хийгдэж хоёр нь хэсгийн хороонд үлдэх юм байна. АНУ-аас авчирсан автомат машин тусгай түлхүүр цоожтой, түлхүүрийг хэсгийн хорооны даамал хариуцаж, нууц үгийг зөвхөн хэсгийн хорооны дарга мэдэх учиртай.

Санал хураалт 20.00 цагт дуусахад тэр даруйдаа л санал тоологдон гарч ирэх боломжтой юм байна. Зарчим нь яг л дэлгүүрийн кассны машин орой нэгдсэн дүнгээ гаргадаг шиг юм.

Энэ жилийн сонгуулийн нэг онцлог нь гадаадад суугаа монголчууд нам, эвслийн төлөө саналаа өгнө. Одоогийн байдлаар Монгол Улсын 2500 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлжээ.

Сонгуульд 11 нам, хоёр эвсэл өрсөлдөнө. Мөн 17 тойрогт 31 бие даагч бүртгүүлжээ. Улсын хэмжээгээр сонгуулийн тойргийн 26, салбар 333, хэсгийн 1908 хороонд 16 мянган хүн ажиллах бөгөөд техникийн ажилтнуудтайгаа 20 орчим мянган хүн ажиллах ажээ. Автомат машиныг доргилт, тоос зэргээс хамгаалж онгоцоор холын аймаг, сумдад хүргэхээр болсон байна. Мянган сонгогч тутамд нэг автомат машин ногдохоор тооцжээ.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж