Сүрьеэгийн тасгийнхныг баярлуулав

Хуучирсан мэдээ: 2012.05.31-нд нийтлэгдсэн

Сүрьеэгийн тасгийнхныг баярлуулав

Өгсөн бэлгээ дааж ядан явах хүүхдүүд энд тэндгүй гүйлдэнэ. Цагаан нөмрөгтэй эмч нар нь ч, эцэг, эхчүүд нь ч нүдэндээ баярын оч гялалзуулан тэднийг харан зогсоно. Хэдийгээр өвчиндөө шаналж, бие нь барагтайхан байгаа ч эдгээр хүүхдүүдэд өгсөн бэлэг нь тэднийг сэргээсэн бололтой. Сүрьеэ гэх өвчинтэйгээ тэмцэж байгаа хүүхдүүд Халдвартын эмнэлгийн гурван давхарт байрладаг. Хүмүүсийн анхаарлын төвд төдийлөн өртөөд байдаггүй энэ газар өчигдөр хүүхдийн цангинасан инээдээр дүүрэн байлаа. “Бодь” группийн зүгээс эдгээр хүүхдүүдэд эх үрсийн баярын бэлэг болгож гарын бэлэг гардуулсан нь энэ ажээ.

“Сүрьеэтэй хүүхдүүдийг гадуур­хах явдал чамгүй ажиглагддаг. Мөн тусламжийн гараа сунгах хүсэлтэй хүмүүс ч тэр болгон байдаггүй. Тиймээс бид энэ хүүхдүүдэд сэтгэлээсээ туслахыг хүссэн. Инээж, баярлаж байгаа энэ хүүхдүүдийг хараад маш их баярлаж байна” гэж “Бодь” группийн гүйцэтгэх захирал Н.Нацагдорж ярьж байв.

Жилдээ 261 гаруй хүүхэд хэвтэж эмчлүүлдэг гэх энэ газар тэр бүр хүмүүсийн анхааралд өртдөггүй ажээ. Арав гаруй жилийн дотор дөрвөн ч удаа бууриа сэлгэсний эцэст Халдвартын эмнэлгийн гурван давхарт байрлаад байгаа нь энэ. Зай талбай хомс учраас өвчтэй хүүхдүүдийг олноор нь хэвтүүлж чаддаггүй. Хэдийгээр өвчтэй хүүхдүүд олон ч зай талбайндаа баригдаад цөөн тооны хүүхдийг эмчилдэг ажээ. “Ер нь сүрьеэтэй хүүхдүүд бараг мартагдах шахсан. Хүмүүс ч туслаад баярын өдрөөр бэлэг гардуулаад байх нь ховор. Цөөн тооны хүмүүс л мэддэг. Дээрээс нь манай эмнэлгийн зай талбай үнэхээр бага болохоор өвчтэй хүүхдүүдийг олноор нь хэвтүүлээд байх боломж байдаггүй” гэж Сүрьеэгийн клиникийн их эмч П.Нямцэцэг ярьж байсан юм.

Он гарснаас хойш 76 гаруй хүүхэд энд хэвтэн эмчлүүлсэн ажээ. Мэдээж хүүхдүүд эмчлүүлж байгаа болохоор тоглоом, зурагт зэргээр сатааруулахгүй бол эмчилгээгээ хаяад гүйгээд явах тохиолдол цөөнгүй байдаг аж. Сүрьеэгийн эмчилгээг маш  урт хугацаанд хийдэг учир хүүхдүүдийг сатааруулах бусад зүйлсүүд дутагдаж байснаа эмнэлгийн эмч нар хэлж байлаа. Маш олон хүүхэд эмчлүүлдэг гэх ч дундаа ганцхан зурагттай учир эмчилгээний дундуур тийшээ гүйлдээд эмчилгээгээ цалгардуулдаг явдал цөөнгүй байсан аж.

“Бидэнд “Бодь” группээс хоёр гаруй сая төгрөгийн туслалцаа үзүүлж, тоглоом, зурагт, тоглоомын өрөөгөөр хангаж өглөө. Бид маш их баяртай байна. Өнөөдөр хүүхдүүд маань маш их баяртай байгааг та бүхэн харж байгаа байх. Нийт эмчлүүлэгчдийнхээ өмнөөс баярласнаа хэлэх нь зүйтэй болов уу” гэж П.Нямцэцэг ярьж байв.

Сүүлийн жилүүдэд сүрьеэгээр өвчлөх хүүхдүүдийн тоо нэмэгдэж байгаа аж. Энэ нь агаарын бохирдол, тоосжилт, ариун цэврийн дэглэм барих явдал бага байдагтай холбоотой гэж эмч, мэргэжилтнүүд хэлж байв. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн харьяанд байгаа энэ газарт төсвөөс хуваарилах хөрөнгө мөнгө дутагдалтай байдаг аж. Гэсэн хэдий ч боломжийнхоо хэрээр хүүхдүүдийг эмчилж байгаа гэдгийг эмч нар нуусангүй.

“Бодь” группээс бэлэг гардуулах гэж байгааг сонссон хүүхдүүд хэдэн хоногийн өмнөөс өөрсдийн гараар эвтэй дөрвөн амьтан урласан ажээ. Хэрэндээ хичээсэн энэ бүтээлээ хүүхдүүд “Бодь” группийнхэнд гардуулсан юм. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд эмчилгээний хажуугаар тэр болгон гадуур гараад байх боломжгүй учир ирсэн зочдоос гадаа ямар байгааг асууж байгаа сонсогдов. Эмчлүүлэгчдийн дийлэнх нь нялх хүүхдүүд байдаг болохоор эцэг, эх, асран хамгаалагч нь  сахихаас өөр аргагүй байдаг ажээ

Ийнхүү өвчтэй байгаа хүүх­дүү­дэд нэг өдөр сайхан баярлаж, өвчнөө түр ч атугай мартсан буй за. Эцэст нь эмчлүүлж байгаа хүүхдийн үгийг та бүхэнд хүргэе. “Хүүхэд бүр өвчин, тусахгүй эрүүл байгаасай” гэж.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж