Сирийн элчин сайдуудыг хөөж эхлэв

Хуучирсан мэдээ: 2012.05.31-нд нийтлэгдсэн

Сирийн элчин сайдуудыг хөөж эхлэв

Хула хотын эмгэнэлт хэргийн дараа Дамаскт ирсэн НҮБ ба Арабын орнуудын лигийн тусгай элч төлөөлөгч Кофи Аннан Сирийн удирдлагад өөрийн төлөвлөгөө нь хүчирхийллийг бүрэн зогсооход чиглэснийг сануулав. Аннан Сирийн Гадаад хэргийн сайдтай уулзаад ерөнхийлөгч Башар Ассадтай ярилцжээ. Сирийн эрх баригчид болсон эмгэнэлт явдалд өөрсдийгөө буруугүй гээд хариуцлагыг нь радикал исламын бүлэглэлийн дайчдад өгч байгаа юм.

Гэхдээ олон орнууд Сирийн эрх баригчид энэ хэргийн буруутан гэж үзэж байгаа. “Тэвчээрт зах хязгаар бий. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тэвчээрт ч төгсгөл ирнэ. Дэлхий нийтийн нүдний өмнө, улс оронд нь НҮБ-ын ажиглагчид байхад ийм аллагыг хийгээд байх нь НҮБ-ын ажиллагаа ба дэлхий  ертөнцийг басамжилсан хэрэг. Энэ бол өдөөлт!” хэмээн Сирийн хөрш Туркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган мэдэгдлээ.

Сирийн гадаад хэргийн яам мэдэгдэхдээ Хула хотыг хэдэн зуун босогчид дайрсан, алагдсан хүмүүсийн ихэнх нь ойрхон зайнаас хөнөөгдсөн гэж байгаа юм. Москва энэ хэрэгт мөрдөн байцаалт явуулахыг шаардан Кофи Аннаны төлөвлөгөөг дэмжиж байна. Оросын Гадаад хэргийн яамны тэргүүн Сергей Лавров “Кофи Аннаны төлөвлөгөөгөөр Сирийн сөрөг хүчин иргэний дайны байр сууринаас нэгдэх ёстой биш, харин эрх баригчидтай яриа хэлцэл явуулах сууринаас нэгдэх ёстой. Сирийн үндэсний зөвлөлийг ивээн тэтгэгчид яг ийм аргаар сөрөг хүчнийг хэрхэн нэгтгэхийг би мэдэхгүй” гэж хэлжээ. Мөрдөн байцаалтыг хүлээлгүйгээр Хула хотын иргэдийг хөнөөсөнд эсэргүүцэл болгон олон орнууд Дамаскийн элчинг нутгаасаа хөөж эхлэв. Сирийн дипломатуудыг буцааж байгаа тухай Итали, Испани, Герман, Франц, Их Британи, АНУ, Канад зэрэг олон орнууд мэдэгдээд байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж