Шилээ дарсан уналтууд

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

Шилээ дарсан уналтууд

АНУ-ын эдийн засаг 2012 онд ч мөн адил хямрал руу гулсчихгүйн тулд толгойгоо гашилгасаар байх нь. Тус улс энэ жилийг оруулаад гурав дахь удаагаа эдийн засгийн хувьд  өмнөх жилүүдтэй адил гүйцэтгэл үзүүлэх төлөвтэй байгаа аж.
 
Айл өрхийн өр зээлийн дүн төдийлэн өөдрөг биш байгаа ч гэлээ Нью Йоркийн Холбооны Банкны мэдээгээр энэ оны эхний улиралд өрийн хэмжээ 100 тэрбум ам.доллараар буурсан байна.  Өөрөөр хэлбэл Америкийн орон сууцны зах зээл сэргэж өнгөрсөн онтой харьцуулахад 24 хувийн өсөлттэй байгаа нь энэ ажээ. Гэсэн хэдий ч өнгөрсөн баасан гарагт тус улсын ажилгүйчүүдийн тоо улам нэмэгдэж, ажил олголт буурсан талаарх мэдээлэл олон нийтэд хүрсэн даруй хувьцааны ханш уруудаж эхэлсэн.  
 
АНУ-ын ажил олгогчид дөрөвдүгээр сард 69 мянган ажлын байрыг бий болгосон ч ажилгүйдэл 8.2 хувьд хүрч, тогтмол унасаар байна. Гэсэн хэдий ч тус улсын хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлт Европтой харьцуулбал харьцангуй өөдрөг  байна гэж хэлж болох. Учир нь, евро бүс үүссэнээс хойш 13 жилийн хугацаанд тус холбооны 17 үндэстний ажилгүйдэл анх удаа 11 хувьд хүрч, ажил олгогчид 110 мянган хүнийг ажилгүй болголоо. Харин Европын холбоонд багтдаг нийт 27 үндэстний ажилгүйдлийн түвшин дөрөвдүгээр сард 10.3 хувьд хүрч, 102 мянган ажлын байр үгүй болжээ.
 
Америк улсын үйлдвэрүүдийн захиалга цочир буурсан нь дэлхий нийтийн эдийн засаг хөрж, үйлдвэрлэлийн салбар уруудаж байгааг харуулж байна. Үйлдвэрлэлийн захиалга энэ оны гуравдугаар сард 2.1 хувь, дараа сард нь 0,6 хувиар дахин доошилсон нь ойрын жилүүдэд үзэгдээгүй ар араасаа асар хурдацтай уруудсан үзүүлэлт болж байгаа юм.
 
Тус  улсын засгийн газрын үнэт цаасны хүү түүхэнд байхгүй доод түвшинд хүрснээр хөрөнгө оруулагчид Европын хөл толгойгүй асуудал, Америкийн эдийн засгийн удааширлаас дүрвэн зайлахыг ихэд хичээх болсон билээ. Үүний зэрэгцээ Испани улсын сангийн сайд Луис Гвиндос “Евро мөнгөн тэмдэгтийн ирээдүй хутганы ирэн дээр  байна” хэмээн хэлсний дараахан Хятад, Герман, Их Британий засгийн газрын үнэт цаасны хүү өдийг хүртэлх хугацаанд байгаагүйгээр унасан байна.
 

Б.Энхцэцэг

Эх сурвалж: WWW.MONGOLIANECONOMY.COM

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж