”Сүргийн манлай” нар дэвдэг Сүхбаатар дүүрэг

Хуучирсан мэдээ: 2012.06.06-нд нийтлэгдсэн

”Сүргийн манлай” нар дэвдэг Сүхбаатар дүүрэг

Хуучнаар
УИХ-ын 74, 75, 76 дугаар тойрог буюу Сүхбаатар дүүрэг өнгөрөгч 2008 оны
сонгууль хүртэл УИХ-д гурван мандаттай байв. 1996-2000 оны УИХ-д тус
тойргийнхон “Ардчилсан холбоо” эвслийн гурав буюу Лу.Болд, Ц.Энхтүвшин
/одоо ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга/, Б.Дэлгэрмаа нарыг сонгож байв.

Лу.Болд
тойргийнхоо сонгогчдын 53 хувийн санал авч, түүний ард МАХН-аас нэр
дэвшсэн, УБХ-ын гишүүн асан С.Баяр 39 хувийн саналаар таслуулж байжээ.
Харин 49 хувийн саналаар УИХ-д сонгогдсон Ц.Энхтүвшингийн ард МАХН-аас
нэр дэвшсэн Төрийн шаг­налт жүжигчин Н.Сувд 33 хувийн саналаар жагсчээ.
Б.Дэлгэрмаагийн да­раа өмгөөлөгч С.Нарангэрэл /МАХН/ тойр­гийн
сонгогчдын 32 хувийн санал ав­сан байдаг. 1996-2000 оны УИХ-д “Ардчилсан
холбоо” эвсэл 51 суудалтай байсан бөгөөд энэ үед Б.Дэлгэрмаа МҮАН-ын
ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалтай, намынхан дот­роо төдийгүй
улс төрийн хүрээнд “тө­мөр хатагтай” нэрийг аваад байсан үе.

Сүхбаатар
дүүргийн хувьд нийс­лэлийн төв хэсэг, зүрхэн газар оршдог гэдэг
утгаараа оршин суугчид нь нийгмийн нэлээд сэхээтэнлэг хэсгийн төлөөлөл
болдог, тэр хэмжээгээр шалгуур өндөртэй улс. Их сургуулийн багш нар,
хуучин цагт нам, төрд өндөр алба хашиж явсан томчуулын үр хүүхдүүд, их
дэд сургуулийн оюутнууд гээд. Тиймээс нь жил жилийн сонгуулиар улс
төрийн намууд энэ тойрогт хамгийн чансаатай гэсэн нэр дэвшигчдээ
илгээдэг.

Харин 2000 оны сонгууль бүхэлдээ МАХН-ынх болж,
сонгогчдын 51 хувийн санал авсан МАХН парламентад 72 суудалтай, 49
хувийн санал авсан ардчилсан хүчний намууд нэг суудалтай үлдсэн юм. Энэ
сонгуулиар Сүхбаатар дүүргийнхнийг МАХН-ын А.Базархүү, Д.Мөрөн,
Н.Гэрэлсүрэн нар УИХ-д төлөөлж байв. С.Зориг агсны хэргийг хоёр жил
шахам мөрдөөд илрүүлж чадаагүй ЦЕГ-ын дарга, хурандаа Д.Мөрөн “Ардчилсан
нам Засгийн эрхэнд байсан цагт энэ хэрэг илрэхгүй, МАХН эрх авч байж
хэргийг илрүүлнэ” хэмээн амлаж байж УИХ-д сонгогдсон, нам нь ч энэ
хэргээр ардчилсан хүчний эсрэг хангалттай хар “пиар”-ыг хийсэн билээ.
Харамсалтай нь МАХН эрх барьсан дөрвөн жилд энэ хэрэг илрээгүй, нөхдүүд ч
хэргийг илрүүлэхээ ор тас мартсан нь өнгөрсөн 22 жилийн хугацаанд
явуулсан зургаан удаагийн сонгуулийн хамгийн том “хулхидалт” болсон юм.
Харин хурандаа Д.Мөрөн дөрвөн жилийн дараа сэтгүүлч эмэгтэйг “хар гэрт”
суулгасан үр дүнтэй, өөртөө “хэвлэлийн дайсан” гэдэг хочтойгоор
парламентыг орхисон билээ. Түүнтэй нэг тойрогт өрсөлдсөн МСДН-ын нэр
дэвшигч, Эрүүл мэндийн сайд С.Сонин 5,1 хувь, ИЗН-аас нэр дэвшсэн УИХ-ын
гишүүн Т.Эрдэнэбилэг 5,7 хувийн санал авч байв. Харин Японд сургууль
төгсч дөнгөж ирээд “Би улстөрч болмоор байна” хэмээн “мүдняк” Да.Ганболд
дээр очиж байсан Лу.Гантөмөр “Ардчилсан холбоо” эвслээс /тэр үед МСДН
эвслээс гараад байсан тул НН, МҮАН хоёр нэг эвсэл болж сонгуульд орсон
байв/ нэр дэвшин 9,7 хувийн санал авч, хоёрт жагссан байдаг.

2004
оны сонгуулиар Лу.Гантөмөр “Эх орон-Ардчилал” эвслийн нэрээр Ардчилсан
намаас дахин нэр дэвшиж, даагаа нэхсэнээр “Харвардын комму­нист”
Ц.Мөнх-Оргил, одоогийн МАН-ын дарга Сү.Батболд нартай гур­вуул УИХ-д
сонгогджээ. Түүнтэй хамт өрсөлдсөн ХХБ-ны захирал Б.Мэдрээ 33 хувь,
Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Э.Ганболд 40 хувь, МАХН-ын нэр
дэвшигч Н.Чимгээ 27 хувийн санал авч ялагдал хүлээсэн байна. Гурван нам
нэгдсэн “Эх орон Ардчилал” эвслийн тэргүүн, Ардчилсан намын дарга
М.Энхсайхан тойргийг нь өөр намд амлачихаад байсан үед Лу.Гантөмөр
Сүхбаатар дүүргийн сонгогчдоос “Бид зөвхөн Лу.Гантөмөрийн нэрийг
дэвшүүлбэл хүлээж авна” гэсэн 5000 хүний гарын үсэг цуглуулж очоод намын
даргаасаа нэр дэвших эрхээ авч байсан түүхтэй. 

Харин 2008 онд
тус дүүрэг гурван мандаттай нэг том тойрог болж сонгуульд орсон бөгөөд
энэ удаа Лу.Гантөмөр “Ард түмний мөнгийг хэмнэе” уриатайгаар сонгуульд
орж, тэр нь ч сонгогчдын дэмжлэг аван МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Баяр,
ирээдүйн МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд нартай зэрэгцэн УИХ-ын
гишүүний мандат өвөрлөсөн юм. Энэ үеэс л Сүхбаатар дүүргийг “Ерөнхий
сайдын даллагатай тойрог” гэх болсон биз. Харин 2012 оны сонгуулиар
С.Баяр нэрээ татаж, Сү.Батболд нь намынхаа жагсаалтыг тэргүүлэхээр
болсон тул Ардчилсан нам өөрийн Ерөнхий сайдыг тус тойрогт илгээжээ.
Сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр мандатын тоо нь хасагдаж, хоёр мандаттай
болоод байгаа тус тойрогт Ардчилсан намаас УИХ-ын гишүүн, Ардчилсан
намын дарга, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр
нарыг нэр дэвшүүлээд байгаа. Харин МАН-ыхан тэдэнтэй өрсөлдүүлэхээр
Сангийн дэд сайд, “ХАС”-ын хэмээх Ч.Ганхуягийг НИТХ-ын тэргүүлэгч
Н.Цогзолмаатай хамт нэр дэвшүүлсэн байна.

Саяхан болтол МОХ-ны
ерөн­хий­лөгчийн сонгуульт ажлыг хав­сарч байхдаа “Оюутнуудыг улс төрийн
зорилгоор ашиглалаа”, “Тэн­гэр даатгал” хувийн даатгалын ком­панийнхаа
үйлчилгээг оюутнуудад шахлаа” хэмээн шүүмжлүүлж, оюутны холбооны
удирдлагаас зайлуулагдахдаа хүртэл эсэргүүцэлтэй тулгараад байсан
Ч.Ганхуяг дэд сайд саяхнаас холбооны ерөнхийлөгчийн ажлаа “сайн
дураараа” өгч амарсан гэнэ. Ялихгүй зусар баяжихад саад гэгчээр хоёрын
хооронд хэдэн төгрөгнөөс болж рейтингээ унагаад яах вэ гэж бодсон
бололтой. Уг нь ч МОХ-ны тэргүүн гэдэг санхүүгийн хувьд ашиг орлого
авчирдаггүй юм гэхэд сонгуулийн өмнө бол түүнд хэрэгтэй л албан тушаал л
даа.

Харин НИТХ-ын тэргүүлэгч Н.Цогзолмаагийн хувьд “экс”-ийг
/Н.Энхбаяр/ Монгол Улсын “хаан” байх үеэс улс төрд орж ирж, дүүргийн
Засаг дарга хүртэл дэвшиж явсан удаатай. Цэвэр аж ахуйн хүн. Тиймээс
Сүхбаатар дүүрэгт нэр дэвшсэн хоёр намын өрсөлдөгчдийг харьцуулсан
ажиглагчид “МАН ч энэ тойрогт амны бөхөө л гаргалаа даа” хэмээн
дүгнэцгээж байна. Наадмаар аманд гарч, аварга, арлангуудад унаж өгдөг
залуу бөхчүүдийг ингэж хэрлэдэг. Ардчилсан намын нэг нэр дэвшигч нь
Монголын толгой эдийн засагчдын нэг, Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд
асан. Нөгөө нь нам дотроо Ерөнхий сайдын зангарагтай дуугарчихдаг,
ирээдүйн намын дарга, Ерөнхий сайд болох хүн хэмээн зүслэгдээд байгаа
нэгэн. Харин өрсөлдөгчид нь талхны үнэ мэддэггүйгээрээ олонд танигдсан
Сангийн дэд сайд, нийслэлийг хэзээ ч хөгжүүлж байгаагүй НИТХ-ын
тэргүүлэгч хоёр.

Б.СЭМҮҮН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж