Жокович, Федерер нар хагас шигшээд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2012.06.06-нд нийтлэгдсэн

Жокович, Федерер нар хагас шигшээд өрсөлдөнө

111 дэхь жилдээ зохиогдож буй “Ролланд Гаррос” буюу Францын нээлттэй тэмцээний хагас шигшээд өрсөлдөх теннисчид эхнээсээ тодорлоо. Өчигдөр ганцаарчилсан төрлийн дөрвөн тоглолт болж шилдэгүүдийн ялалтаар өндөрлөсөн байна.

“Их дуулга”-ын 16 түрүүт Швейцарийн Рожер Федерер Аргентиний Хуан Мартин дель Потрог 3:6, 6:7, 6:2, 6:0, 6:3-ийн харьцаагаар буулган авсан байна. Энэхүү тоглолт гурван цаг 14 минут үргэлжилсэн бөгөөд Потро эхний хоёр үеийг авсан ч удаах гурван сэтэд ялагдал хүлээснээр тэмцээнийг орхилоо. Тэдний хувьд 2009 оны Америкийн нээлттэй тэмцээний шигшээд таарч байхад Потро илүүрхэж анхныхаа “Их дуулга”-ыг хүртэж байсан билээ.

“Их дуулга”-ын таван түрүүт, дэлхийн тэргүүн теннисчин Сербийн Новак Жокович Францын Жо Уильфред Цонгаг 6:1, 5:7, 5:7, 7:6 (8-6), 6:1-ээр буулган авч хагас шигшээд шалгарлаа.

Жокович, Федерер нар өнгөрсөн тавдугаар сард Италийн нийслэл Ромд болсон "BNL d"Italia" буюу Ромын мастеруудын хагас шигшээд таарахад Жокович 6:2, 7:6-ийн харьцаагаар илүүрхэж байсан байна.

Эмэгтэйчүүдийн хувьд карьерийнхаа оргил амжилтыг үзүүлээд байгаа хоёр теннисчин шигшээ наймд оноолт таарсан билээ. Чансааны 23-т эрэмбэлэгдэж буй Италийн Сара Эррина Германы Анжелия Керберийг 6:3, 7:6-аар нэг цаг 39 минутад буулгаж авсан байна. Сара хагас шигшээд шалгарахдаа 2008 оны аварга Сербийн Анна Иваннович, 2009 оны аварга ОХУ-ын Светлана Кузнецова нарын шилдэгүүдийг буулган авч Кербертэй оноолт таарсан билээ.

Хосын төрлийн чансааны дөрөвт эрэмбэлэгдэж буй Сара нутаг нэгт Винситэй хослон тоглож байгаа бөгөөд тэд хагас шигшээд шалгараад байна.

Италийн шилдэг хосууд оны анхны "Их дуулга" Австралийн нээлттэй тэмцээний шигшээд ОХУ-ын хос Светлана Кузнецова, Вера Звонарева нарт ялагдаж  (7:5, 4:6, 3:6) байжээ.

Өнгөрсөн жилийн Америкийн нээлттэй тэмцээний аварга Австралийн Саманта Стосур Словакийн Доминико Цибулковаг 6:4, 6:1-ээр буулган авч Сара Эрринатай тоглохоор боллоо.

Өнөө шөнө хагас шигшээд өрсөлдөх эрхий төлөө Испаний Рафаэль Надаль нутаг нэгт Николас Альмогритой, Их Британы Энди Муррей Испаний Дэвид Феррертэй тоглоно.

Мөн эмэгтэйчүүдийн тэмцэлд илүүрхэх магадлалтай ОХУ-ын Мария Шарапова Эстоны Кайя Канепитай, өнгөрсөн жилийн “Уимбльдон”-ы аварга Чехийн Петро Квитова Казакстаны Шведоватай тоглох билээ.

Хосын чансааны долоод эрэмбэлэгдэж буй ОХУ-ын хос болох Мария Кирилленко, Надия Петрова нар хосын хагас шигшээд Чехийн хостой тоглох аж.

Ролланд Гаррос”-ын шагналын сан 17,71 сая евро бөгөөд ганцаарчилсан төрөлд түрүүлсэн теннисчин 1,25 сая евро хүртэх бол хосын төрлийн аваргууд 340 мянган еврогийн шагнал хүртэх аж.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж