Ерөнхийлөгч үг хэллээ

Хуучирсан мэдээ: 2012.06.07-нд нийтлэгдсэн


Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 12-р хуралдаан Бээжин хотноо үргэлжилж байна. Тус хуралдаанд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга эрхэмсэг ноён Ху Жиньтао,

Хуралдаанд оролцож буй улс, олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нар аа,

Хатагтай, ноёд оо,
    
ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын Зөвлөлийн ээлжит хуралдаанд оролцохыг урьж, намайг болон манай төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч буйд юуны өмнө чин сэтгэлийн талархал илэрхийлье. Гишүүн, ажиглагч, яриа хэлцээний түнш орнуудын хамтын хүч чармайлтаар өнөөдрийн уулзалт амжилттай болж, ШХАБ-ын хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлсон олон чухал шийдвэр, тохиролцоонд хүрнэ гэдэгт миний бие итгэлтэй байна.
    
Монгол Улс нь Зүүн хойд Ази, Төв Азийн бүс нутгийн аль алинд хамрагдах боломжтой газарзүйн онцлог байрлалтай бөгөөд эдгээр бүс нутагт өрнөж буй улс төр, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй оролцохыг гадаад бодлогынхоо чухал чиглэл гэж үзэж ирсэн.  Тиймээс Төв Азийн бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, бүс нутгийн орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэтгэхэд чухал үүрэгтэй механизм болон төлөвшиж буй ШХАБ-ын үйл ажиллагаанд оролцоход Монгол Улс өндөр ач холбогдол өгч ирсэн билээ. ШХАБ-ын олон улсын нэр хүнд өсч, үйл ажиллагааны цар хүрээ тэлж, зохион байгуулалтын хувьд бэхжиж буйд ажиглагч орны хувьд бид баяртай байдаг. ШХАБ-ын үйл ажиллагаанд оролцох, хамтран ажиллахыг сонирхогч улс орон, байгууллагуудын тоо нэмэгдэж буй нь тус байгууллагын нэр хүнд, нөлөө дээшилж буйгийн илрэл юм. Энэ дашрамд ШХАБ-д ажиглагчийн статустай болж байгаа Афганистан улс, яриа хэлцээний түншийн статустай болж буй Турк улсад Монголын төлөөлөгчдийн нэрийн өмнөөс баяр хүргэе.

Афганистаныг аль болох богино хугацаанд сэргээн босгох нь Төв Азийн бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангахад чухал үүрэгтэй билээ. Афганистан улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх замаар тус улсыг сэргээн босгох үйл хэрэгт илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг ШХАБ эрмэлзэж буйг Монгол Улс дэмжиж байна.  Манай улс цаашид ч Афганистаныг дэмжих чиглэлээр ШХАБ зэрэг олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд өөрийн бололцооны хэрээр идэвхтэй оролцох болно.

Хатагтай, ноёд оо,

ШХАБ хөгжлийнхөө хоёрдахь 10 жил рүүгээ орж буй үед болж, байгууллагын ирэх 10 жилийн хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлж буй нь өнөөдрийн хуралдааны гол онцлог билээ. ШХАБ-ын цаашдын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд болон тэдгээрийг хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээг тусгасан ШХАБ-ын дунд хугацааны хөгжлийн стратегийн үндсэн чиглэлийг энэ удаагийн хуралдаанаар баталж буйд Монгол Улс ач холбогдол өгч байна. Хамтын ажиллагааг өргөжүүлэх гишүүн орнууд болон ажиглагч орнуудын аль алины нийтлэг сонирхолыг бодит ажил хэрэг болгох үүднээс тодорхой салбаруудад хамтын ажиллагааны дунд, урт хугацааны хөтөлбөр гаргаж ажиллах саналтай байна. Гишүүн болон ажиглагч орнуудын эдийн засгийн их нөөц, бололцоог ашиглахад чиглэсэн ийм хөтөлбөр гарган, бүс нутгийн хэмжээний, улс дамнасан томоохон төслүүдийг хэрэгжүүлэх нь ШХАБ-ын орнуудын эдийн засгийн хөгжилд түлхэц өгөх төдийгүй байгууллагын талаарх эерэг ойлголтыг нэмэгдүүлэх, байгууллагын нэр хүндийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.

Хатагтай, ноёд оо,

ШХАБ нь өөрийн үйл ажиллагааны хоёр гол чиглэл болсон аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаанд ижил түвшинд анхаарч ирсний зэрэгцээ сүүлийн жилүүдэд хүмүүнлэгийн чиглэлийн хамтын ажиллагаа мэдэгдэхүйцээр идэвхжиж буй нь байгууллагын нэр хүнд өсөх, түүнийг сонирхох сонирхол улам бүр нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлж байгаа билээ. Монгол Улс ШХАБ-ын хүрээнд эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн хохирлыг бууруулах зэрэг олон салбарт хамтран ажиллах сонирхолтой байдаг. Гишүүн орнууд Онцгой байдлын үр дагаврыг арилгах, урьдчилан сэргийлэх ШХАБ-ын төв байгуулахаар ажиллаж байгаа нь туйлын зүйтэй санаачилга гэж бид үзэж байгаа бөгөөд тус төв байгуулагдсаны дараа үйл ажиллагаанд нь зохистой хэлбэрээр оролцохыг хүсч байна. Түүнчлэн хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, терроризмтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг зорьж байна.  “ШХАБ-ын Эрчим хүчний клуб”, “ШХАБ-ын хүнсний аюулгүй байдлын хамтын ажиллагааны механизм” байгуулах чиглэлээр гишүүн орнууд ажиллаж буйд бид ач холбогдол өгч байна.

Хатагтай, ноёд оо,

Монгол Улс эдийн засгаа амжилттай хөгжүүлэхэд ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнууд, түүний дотор хөрш орон ОХУ, БНХАУ-тай бүх чиглэлд ойр дотно хамтран ажиллах нь чухал хүчин зүйл болж ирснийг тэмдэглэхийн зэрэгцээ манай эдийн засгийн хүч чадал нэмэгдэхийн хэрээр уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц зэрэг салбарт ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудтай хамтын ажиллагаа өргөжүүлэх боломж нэмэгдэж буйг тэмдэглэхийг хүсч байна. Монгол Улс харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр ШХАБ-ын үйл ажиллагаан дахь оролцоогоо өргөжүүлэн хөгжүүлэх бодлогоо цаашид ч баримтлахыг үгийнхээ төгсгөлд тэмдэглэе .

Анхаарал тавьсанд баярлалаа.

Бээжин, 2012 оны 6 дугаар сарын 7-ны өдөр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж