Уурхайн ажилчид эрх ашгаа хамгаалах түр хороо байгуулжээ

2010 оны 5 сарын 11

Төв аймгийн Заамар сумын Өгөөмөр тосгоны алт олборлогч “Бумбат” ХХК-ийн ажилчид эрх ашгаа хамгаалах түр хороог байгуулан, ажлын байрыг буцаан олгохыг хүссэн хүсэлтээ төр засгийн удирдлагуудад хандан хүргэхээр нийслэл хотноо иржээ. Уг компанийн ажилгүй болсон иргэд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд цуглан хуралдаж, ажилчдын эрх ашгийг хамгаалах түр хорооны тэргүүн Д.Оюунбаатар, түр хорооны гишүүнээр Г.Батбилэгт, Н.Ганбаатар нарыг томилжээ. Тэдний хэлж буйгаар “Бид хэн нэгний зөв бурууг шүүх гэж Улаанбаатар хотод ирсэнгүй. Зөвхөн ажилтай байж, амь амьдралаа залгуулж байсан бидний ажлын байрыг яагаад зогсоосон талаар холбогдох шатны удидлагуудаас асуух, ажлын байраа эргүүлэн нэхэх зорилготой л ирсэн юм. “Бумбат” компани нь үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа “Алтан Дорнод Монгол” компанийн техникийг түрээслэн, 2009 оны долдугаар сараас эхлэн 12 сарын 26-ныг хүртэлх хугацаанд үйл ажиллагаа явуулж байсан. Улирлын байдлаас шалтгаалж зогссон уг компанийн үйл ажиллагаа энэ хавраас эхлэхээр бэлтгэл ажлаа бүрэн хангаад байсан боловч Цагдаагийн ерөнхий газрын 2010.04.19-ны өдрийн 191 тоот тушаалаар эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал уулын ажлын төлөвлөгөөг батлахгүй байх арга хэмжээг авч, техник хэрэгслийг лацадсан. Компанийн үйл ажиллагаа зогсоосноор өнөөдөр дунджаар 500 мянгаас нэг сая гурван зуун мянган төгрөгний цалин авч байсан ажлын байраа алдсан бидний хувьд амьдрал хүнд болоод байна. Төв аймгийн Заамар сумын Өгөөмөр тосгонд байдал ийм байгааг төр засгийн удирдлагуудад дуулгах зорилготой” гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.
Түр хорооны тэргүүн Ц.Оюунбаатар
-Эхнэр бид хоёр энэ компанид ажилласнаар хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг санаа зоволтгүй төлдөг байсан бол өнөөдөр сургалтын төлбөр байтугай л сууж байна. Одоо зарим нэг ажилчид нинжа маягаар ажиллах гэж оролдсон ч цагдаа нар нь хөөж дарамтлаад, Заамарт амьдарахад үнэхээр хүнд болж байна. Энэ байдлыг төр засагт дуу хоолойгоо хүргэе гэсэн үүднээс хотод ирээд байна. Хоёр компанийн асуудалд бол бидэнд ямар ч хамаа алга. Зөвхөн амьдралын баталгааг хангах ажлын байр л байх нь чухал. “Алтан Дорнод Монгол” компанийн 68 хувийн татварын өрийг бол бид хэзээ ч зөвтгөөгүй. Гэхдээ л энэ компанийг анх үүсэн байгуулагдсан цагаас нь ажиллан өдий зэрэгтэй болгоход хувь нэмрээ оруулсан монгол ажилчдыг одоо үнсэнд хаясан шалз шиг орхих ёсгүй. Маргааш олон нийтэд мэдээлэх зорилгоор хэвлэлийн бага хурал зараж, цаашлаад МҮЭХ, Монголын ажил олгогч эздийн холбоонд хандахаар төлөвлөөд байна. Бидэнд үйлчилэх ёстой Үйлдвэрчний эвлэлийн байгууллага энэ компанид байгаагүйгээс болж, ийм байдалд хүрчихээд байна. Энэ компанийг магтах, муулах шаардлага надад алга
Түр хорооны гишүүн Г.Батбилэг
 - Орон нутгийн төлөөлөл болж энэ түр хороонд орсон. Заамар сумын гуравдугаар багт амьдардаг. Хамгийн гол нь манай багт амьдарч байгаа 200 гаруй өрх айл энэ компанид ажиллаж амьдралаа залгуулдаг байсан нь үнэн. Өнөөдрийн байдлаар өмсөх зүүх битгий хэл, идэх хоолгүй амьдарч байгаа айл өрх тус багт маш олон байна. Нэгэнт ажилгүй болсон иргэд яах нь тодорхой шүү дээ. Өнөөх л нийслэл хотод ирж ажилд хайх нь хайж, амар аргаар мөнгө олох арга сүвэгчлэх нэг нь ч байж болох юм. Яг үүгээр төр засгаас орон нутгийн бодлогод хандах хандлага учир дутагдалтай, хэрэгжүүлж байгаа зүйл нь хэн нэг дарга нарын ширээний нүхэнд цаас болж үлддэгээс орон нутгийн иргэд хот руу нүүдэллэж байна. Энэ бол нэг багийн иргэдийн эрх ашиг хэдий ч нийт улсын хэмжээний сумдын байр байдал ийм хэмжээнд харуулж байна гэж хэлж болох юм.
Д.Долгор
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна