British Airways-ын ажилчид дахин ажил хаяхаа зарлалаа

2010 оны 5 сарын 11

“British Airways” компанийн ажилчдын “Unite” үйлдэрчний эвлэл компанийн удирдлагуудтай тохиролцоонд хүрэх боломжгүй байгаа тул дахин ажил хаялт хийх гэж байгаагаа зарлалаа. Уг төлөвлөгөөний дагуу нисэх тус компанийн экипажийн багийнхан тав, зургаадугаар сард тус бүр тав хоногийн дөрвөн удаагийн ажил хаялт хийх гэж байна. Эхний ажил хаялт тавдугаар сарын 18-нд эхэлж 22-нд дуусна. Нөгөө гурван ажил хаялт тавдугаар сарын 24, 30, зургаадугаар сарын 5-нд эхлэх болно. Энэ сарын эхээр “Unite” үйлдвэрчний эвлэлийн гишүүд компанийн зүгээс тавьсан саналыг хүлээж аваагүй. Санал хураалтын үеэр экипажийн нийт гишүүдийн 71 хувь нь байлцсан бөгөөд 81 хувь нь “British Airways” компанийн тавьсан саналыг зөвшөөрөхгүйгээ илэрхийлсэн байна. Нарийн ширийнийг албан ёсоор танилцуулаагүй ч “British Airways” компани өмнөх гуравдугаар сарын үед ажил хаялтанд оролцсон ажилтнууд, тэдний гэр бүлийнхэнд олгосон байсан аяллын хөнгөлөлт цуцалсныг үйлдвэрчний эвлэлийнхэн сэргээж чадаагүй байна. Гуравдугаар сарын ажил хаялтын үеэр хэдэн зуун нислэгүүд цуцлагдсан бөгөөд тус компани 45 сая паундын хохирол учирсан гэж үзэж байна. Шинээр хийхээр төлөвлөж буй ажил хаялт нь нийтдээ 20 хоног үргэлжлэх бөгөөд Их Британийн хаврын амралт, сургуулиудын хагас жилийн амралтуудтай давхцаж байна.

Дэлхийн цомын тоглолт үзэхээр Өмнөд Африк руу явах гэж байгаа хөл бөмбөгийн фэнүүдийн аялалд мөн нөлөөлж магадгүй байна. Гэсэн ч  Их Британийн баг зургаадугаар сарын 12-нд АНУ-ын багийн эсрэг анхныхаа тоглолтыг хийх ба энэ нь сүүлчийн ээлжийн ажил хаялтын дараа болох юм.

“Unite” үйлдвэрчний эвлэлийн хамтарсан ерөнхий нарийн бичгийн дарга Derek Simpson, Tony Woodley нар “BA” компанийн удирдлагууд асуудалд туйлын тоомжиргүй хандаж байгаа нь экипажийн багуудыг ажил хаялт хийхэд хүргэж байна гэж мэдэгдсэн.

“Компанийн удирдлагууд яг л шулам агнаж байгаа мэтээр үйлдвэрчний эвлэлтэй харьцаж, үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа тул компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах бололцоогүй болж байна. Ажил хаялт хийгдэхээс өмнө долоо хоногийн өмнө мэдэгдэж байгаа нь компанийн удирдлагуудад зохих арга хэмжээ авч, хэлэлцээ хийхэд хангалттай хугацаа” гэж тэд мэдэгдсэн. Харин BA компани өөрийн байр суурийг хамгаалж, “Бид үйлдвэрчний эвлэлийнхний өмнө нь хүсэж байсан зүйлийг өгч буулт хийсэн. Манай компанийн ажилтнууд өрсөлдөгч компанийн ажилтнуудтай харьцуулахад, шагнал урамшуулал хамгийн өндөр байдаг” хэмээгээд ажил хаялт нь “тун хайхрамжгүй үл ойшоосон үйлдэл” болох болно гэж мэдэгдсэн байна.

Т.Санаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна