Fannie Mae 8.4 тэрбумын тусламж хүслээ

2010 оны 5 сарын 11

АНУ-ын моргейжын санхүүжилтын компани “Fannie Mae” дахин алдагдалтай гарсан тул 8.4 тэрбум ам.долларын нэмэлт тусламж хүслээ. Энэ оны эхний гурван сард тус компани 13.1 тэрбум ам.долларын алдагдалтай ажилласан бөгөөд энэ нь эдийн засгийн хямралын гүйцэд арилаагүй байгаа нөлөөлөл гэж үзэж байна. Өнгөрсөн оны эхний улиралд тус компани 16.3 тэрбум ам.долларын алдагдалтай ажиллаж байсантай харьцуулбал энэ нь буурсан үзүүлэлт юм. Энэ нь АНУ-ын эдийн засаг эмзэг хэвээрээ байгаа учраас моргейжын зах зээл дээр засгийн газрын тусламж хэрэгтэй хэвээр байгааг харуулж байна.

АНУ моргейж санхүүжүүлэгч аварга компаниуд болох “Fannie Mae”, “Freddie Mac” нарыг эдийн засгийн хямралтай холбоотойгоор 2008 онд хяналтандаа авсан. Эдгээр компаниуд зөвшөөрөгдсөн зээлдэгч нараас моргейж худалдаж аваад түүнийг эргүүлэх зардаг бизнес хийдэг. Тиймээс АНУ-д моргейжын хямрал болж, банкны салбар доргиход эдгээр бизнесүүд маш их эмзэг байдалд орсон. Өнөөг хүртэл АНУ-ын засгийн газар “Fannie Mae”-г хөл дээр нь зогсоохын тулд 83.6 тэрбум ам.долларын тусламж үзүүлээд байна. Дээрх хоёр компанийг аврахын тулд нийтдээ 145 тэрбум ам.долларын тусламж үзүүлээд байгаа хэдий ч дахин арга хэмжээ нэмж авах хэрэгтэй бололтой. Засгийн газрын өгч байгаа тусламжийг авахаа болих хүртэл хэр удахыг хэлж мэдэхгүй байна гэж “Fannie Mae” үзэж байна. Энэ сарын эхээр “Freddie Mac” компани найман тэрбум ам.долларын тусламж нэмж хүссэн бөгөөд АНУ-ын хаусны зах зээл эмзэг байна гэж шалтгаанаа тайлбарласан аж.

Т.Санаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна