БНСУ сүм хийдүүдээ шинэчилнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.08-нд нийтлэгдсэн

БНСУ сүм хийдүүдээ шинэчилнэ

БНСУ-д буддын шашны лам нарын зохисгүй үйлдлээс болж шашны тэргүүд сүмийн санхүүгийн асуудлыг эрхлэх мэргэжлийн менежерүүдийг ажилд авах болсноо зарлажээ. Тус улсад саяхан Буддын лам нар зочид буудлын өрөөнд архи ууж, мөрийтэй тоглож буй бичлэг цацагдсан нь олон нийтийн дунд маргаан дэгдээж, орчин үеийн лам нарын ёс зүйн асуудал хурцаар тавигдаж эхэлсэн юм байна. Тиймээс тус улсын буддын шашны дээд байгууллага буддын сүм хийдийн нэр хүндийг аврахын тулд дээрх шийдвэрийг гаргажээ.  Шашны тэргүүд сүм хийд лам нарын сахилга батыг чангалж, өдөр тутмын ажил үүрэгт нь саад болохгүйн тулд сүм хийдийн дотоод ажлыг мэргэжлийн хүмүүст хариуцуулахаар болж байгаа гэнэ. Шашны удирдлагууд сүм хийдийн лам нартай холбоотой зөрчил маргаан, элдэв шуугианд хүргэсэн энэ асуудлыг шийдэх өөр гарц байхгүй хэмээн мэдэгджээ. БНСУ-д мөрийтэй тоглохыг хуулиар хориглодог бөгөөд зөвхөн жуулчид очдог тусгай үйлчилгээний газрууд болон казинод мөрийтэй тоглоомыг зөвшөөрдөг юм байна.

Зочид буудалд архидан согтуурч, мөрийтэй тоглон, хүүхнүүд аваачсан лам нар буддын сүм хийдийн ёс зүйг болон тус улсын хуулийг зөрчсөн тул тэдэнд зохих шийтгэлийг нь оноосон байна. БНСУ-ын буддын шашны дээд байгууллагын мэдээлснээр тус улсад 10 сая гаруй сүсэгтэн байдаг гэнэ. Энэ нь тус улсын хүн амын 20 хувь аж. БНСУ-ын буддын сүм хийдүүдэд дотоодын зөрчлөөс гадна өш хонзонгийн гэмт хэрэг байсхийгээд гардаг гэнэ. Нөгөө талаар БНСУ-д буддын шашин өнөө үед Христийн шашинтуудад шахагдах болсон талаар олон хүн ярьдаг гэнэ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж