Обамагийн тухай шинэ гарна

2010 оны 5 сарын 11

1970-аад оны үед хэвлэл, мэдээллийн бай болж байсан Уотергейтийн дуулианы талаар ном бичиж, алдаршсан Америкийн алдартай эрэн сурвалжлах сэтгүүлч Боб Вүүдвордын бичсэн АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обамагийн тухай сонирхолтой ном ирэх есдүгээр сард уншигчдын гарт очих талаар хэвлэлийн “Simon & Schuster” компаниас мэдэгдлээ. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд экс-ерөнхийлөгч Жорж Бушийн талаар нэг бус удаа сонирхолтой, бестселлер ном бичсэн зохиолч Вүүдворд өнгөрсөн жил гаруй хугацаанд шинэ номынхоо ажилдаа тулгуурлан Цагаан ордонд Ерөнхийлөгчтэй ойр дотно ажилласан байна. Зөвхөн АНУ-ын хэмжээнд хэвлэгдэн гарах уг номын нэр болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг одоохондоо нууцалж байгаа юм.
The Washington Post сонины орлогч эрхлэгчээр ажилладаг Вүүдворд мэргэжил нэгт Карл Бернштайны хамт эрэн сурвалжлах сэтгүүл зүйн салбарт ихээхэн хувь нэмэр оруулсан нэрт сэтгүүлч бөгөөд 1974 онд дэгдсэн Уотергейтийн дуулианы үеэр идэвхтэй ажиллаж, ерөнхийлөгч Ричард Никсонг огцроход голлох үүрэг роль гүйцэтгэн, алдаршжээ.
Вүүдвордын хамгийн сүүлийн буюу дөрөв дэх ном нь Ерөнхийлөгч Жорж Бушийн тухай өгүүлсэн “The War Within: A Secret White House History 2006-2008” гэх ном байсан бөгөөд 2008 онд зөвхөн дотоодын хэмжээнд 900 мянган хувь хэвлэгдэн гарч, борлогдож дуусчээ.

С.Цэлмэг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна