Iron Man-2 орлогоороо тэргүүлж байна

2010 оны 5 сарын 11

“Marvel Studio”-ын оригиналь бүтээл “Iron Man-2” кино өмнөх ангиасаа ч илүү гараа сайтай байна. Өнгөрсөн долоо хоногын амралтын өдрүүдэд нээлтээ хийсэн тус кино АНУ-ын театруудаас эхний долоо хоногтоо л 133.6 сая ам.долларын орлого олоод байна. “Iron Man” кино 2008 оны тавдугаар сард нээгдэж байсан бөгөөд эхний долоо хоногтоо 98.6 сая ам.долларын орлого олж байсан юм. Гэхдээ одоогийн байдлаар эхний долоо хоногтоо 158.4 сая ам.долларын орлого олсон, Австрали гаралтай талийгаач жүжигчин Heath Ledger-ын гол дүрд нь тоглосон “The Dark Night” киноны гарааны орлогыг давсан амжилт гаргасан өөр бүтээл төрөөгүй байна.


“Iron Man 2” –ыг хамтран бүтээсэн “Paramount” студийн хувьд энэ нь гарааны хамгийн өндөр орлоготой бүтээл болж байгаа юм. Кино нь үзэгч сайтай, санхүүгийн хувьд амжилттай байгаа талаар “Marvel Studio” компанийн ерөнхийлөгч Kevin Feige “Үзэгчид үнэхээр бидэнтэй хамт байгаагаа харууллаа” гэж ярьсан бөгөөд тэрээр “уг киноны гол дүрд тоглосон жүжигчин Robert Downey Jr-тай гуравдугаар ангийг нь бүтээх талаар гэрээ байгуулсан байгаа. Гэхдээ 2013 онд гарч магадгүй гуравдугаар цуврал нь “The Avengers” киноны дараа дэлгэцэнд гарах болно”  гэж ярьсан.


“Paramount” студи “Marvel” студийн өөр баатрууд болон “Iron Man” киноны баатруудыг оролцуулсан супер баатруудын хамтарсан адал явдал бүхий киног 2012 оны тавдугаар сарын дөрвөнд дэлгэцэнд гаргахаар ажиллаж эхлэх гэж байна.



Т.Санаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна