iPhone-тэй өрсөлдөх Lenovo-гийн LePhone бэлэн болжээ

2010 оны 5 сарын 11

“Lenovo компаниас хамгийн сүүлд гаргасан LePhone смартфөүн Хятадын зах зээлд өндөр амжилт олно гэдэгт бүрэн итгэлтэй байгаа” хэмээн Lenovo группын тэргүүн Лью Чуаньжи мэдэгдлээ. Цоо шинэ загварын LePhone нь Хятадын зах зээлд “Apple” компанийн алдарт iPhone өрсөлдөхүйц хэмжээний шилдэг бүтээл бөгөөд дотоодын үйлдвэрлэгч, нийлүүлэгчдээс ихээхэн дэмжлэг авсан байна.

“Google” компанийн Android үйлдлийн системтэй LePhone-ийн анхны хувилбар нь үүрэн телефоны оператор China Unicom компанийн хангадаг стандарт WCDMA 3G сүлжээнд ажиллах бөгөөд албан ёсоор өнөөдөр олон нийтэд танилцуулж, энэ сарын 17-ноос эхлэн худалдаалж эхлэх гэнэ. Lenovo компани цаашид Хятадын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй China Telecom-ын CDMA2000 болон China Mobile компанийн TD-SCDMA сүлжээнд тохирох LePhone-ийн загваруудыг гаргахаар ажиллаж байгаа юм. Дашрамд сонирхуулахад, 3G сүлжээг улсын хэмжээнд нэвтрүүлснээс хойш Хятадын гар утас хэрэглэгчид 2009 онд 120 саяас 233 сая болж өссөн байна.

Lenovo компани шинэ смартфөүнээ зах зээлд гаргаж буйтай холбоотойгоор уг гар утсанд тохирох программ хангамжийг нийлүүлэх онлайн дэлгүүр нээхээр 500 гаруй хөгжүүлэгчтэй хамтран ажиллаж байгаа гэнэ.

С.Цэлмэг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна