“Өмнөговь аймагт хууль хэрэгжилт муу байна”

Хуучирсан мэдээ: 2012.06.13-нд нийтлэгдсэн

“Өмнөговь аймагт хууль хэрэгжилт муу байна”

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Өмнөговь аймагт хэрэгжиж буй уул уурхайн төсөл, компаниудын үйл ажиллагаанд дөрөвдүгээр сарын 5-20-ны өдрүүдэд шалгалт хийсэн тухайгаа өнөөдөр танилцууллаа. Шалгалтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Д.Гүньбазар ахалж,  нийт 45 улсын ахлах байцаагчийн бүрэлдэхүүнтэйгээр хяналт шалгалтыг хийжээ.

Уг шалгалтанд Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт ажиллаж буй “Чинхуа-Мак нарийн сухайт” ХХК, Оюутолгой ХХК, Монголын алт ХХК, “Саусгоби сэндс” ХХК, “Таван толгой” ХХК, “Энержи ресурс” ХХК, “Хүннү Коал” ХХК зэрэг 11 компани Ханбогд сум Гашуунсухайтын нүүрс тээвэрлэтийн зам, Шивээхүрэнгийн нүүрс тээвэрлэлтийн зам, Даланзадгад, Ханбогд, Цогтцэций сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, зуруг тус нутаг дэсвгэрт үйл ажиллагааг явуулдаг 389 аж ахуй нэгжийн 679 барилга байгууламж, салбар цэг, дөрвөн сургууль, 12 зам, 651 тээврийн хэрэгсэл, 42 хүнд даацын автомашины жин, 329 өргөх механизм, 2185 албан тушаалтан, инженер техникийн ажилтан, багш, сурагчдыг хамруулжээ.

Өмнөговь аймагт хууль хэрэгжилтийг шалган үзэж, зохих үнэлгээг хийснээ МХЕГ-аас танилцуулав. Тус аймагт Санхүү, Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Эрүүл мэнд, БСШУ, Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхай, Хүнс, хөдөө аж  ахуй, хөнгөн үйлдвэрийн гээд нийт долоон салбарын хуулиудыг 64-19 хувийн хэрэгжилттэй байгаа нь шалгалтаар гарчээ. Ерөнхийдөө нийт 45 хуулийн хэрэгжилт 74 хувьтай байгаа ажээ.

Өмнөговь аймаг нь УИХ-аас баталсан төсвийн тухай хуулийг зөрчсөн, ногдуулсан татварыг хураан барагдуулах талаар хангалтгүй ажилласан, өр, авлага хэтэрсэн, хөрөнгө оруулалтын зарим ажлыг тендер зарлалгүй гүйцэтгүүлсэн, нөөц сангийн хөрөнгийг зориулалт бус зарцуулсан нь илэрчээ. Энэ талаар МХЕГ-ын Санхүүгийн хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ж.Цогтбаяраас тодруулахад, “төр засгаас тодорхой шийдвэр гараагүй байхад орон нутгийн төсвөөс говийн нэмэгдэл, нутгийн хишигт хөрөнгө оруулалт зарцуулсан нь Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчиж байгаа юм” хэмээн хэлсэн юм.

Харин уул уурхайн хайгуул, олборлолт хийж буй компаниудын шалгалтаар гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Монгол Улсын хууль тогтоомжтой уялдуулж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах, эрсдлээ үнэлэх, үндсэн болон туслах байгууллага дээр гарсан алдаа зөрчил, ослыг шуурхай тогтоож, арга хэмжээ авах, химийн хорт бодисын нөлөөг тогтоох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад хангалтгүй ажиллаж байсан гэнэ. Хүн ам олноор шилжин суурьшнаас тус аймагт бүсийн оношлогоо эмчилгээний төв, Цогтцэций , Ханбогд сумын сум дундын эмнэлгүүд нь барилга байгууламж, эмчилгээний тоног төхөөрөмж бүрэн бус байгаа нь  тус аймаг дахь эрүүл мэндийн үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж буй нэгэн хүчин зүйл болох тухай шалгалтын коммисоос мэдээлж байна. Ийнхүү Өмнөговь аймагт бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж, уул уурхайн компаниуд тус аймагт хайгуул олборлолтын ажлыг ихээр өрнүүлэх болсоны улмаар ажиллах хүн хүч, тэдгээрийн нийгмийн халамж, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол, үйлчилгээний газрын хүртээмжийг нэн даруй нэмэгдүүлэх шаардлагатайг МХЕГ-аас онцолж байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж