Хуучирсан мэдээ: 2012.06.14-нд нийтлэгдсэн

Анхилам үнэрээрээ сэтгэл сэргээж, солонгын өнгөөрөө нүд баясгадаг цэцэг өөрөө ургамал төдийгүй урлаг юм. Энэ урлагийг нийтэд таниулж, цаашид хөгжүүлэн дэлгэрүүлэх үйлсийн эхлэл болсон ногоон байгууламж нийслэл хотод маань “үрсэллээ”. Энэ сарын 12-ноос ирэх сарын 8-ныг  хүртэл Хуримын ордонд үргэлжлэх “Монголын анхдугаар цэцгийн фестиваль-2012” нь “Хамтдаа цэцэглэе” уриан дор зохион байгуулагдаж байна. Монгол өрх айлын амьдралын анхны нахиагаа цэцэглүүлдэг Гэрлэх ёслолын ордны өндөр үүдээр өнгийн дэлбээ сүлжилдсэн ногоон зам угтлаа. Баглаа цэцэг бүрийг сониучирхан шуналтайгаар үнэрлэх багачуудын инээд хөөр, туулсан замналынх нь сайхан бүхнийг сануулах мэт цэцэгсийг таашаан баясах ахмадуудын мишээл гээд энэ үзэсгэлэн нийслэлчүүдийн баяр баяслаар дүүрэн эхэллээ.  Цэцэг дэлгэрч буй орчинд сайхан бүхэн дэлбээлж байдаг. Энэ ч утгаараа “Боловсрол” номын төвөөс ногоон ургамал, цэцэг арчилгааны талаар зурагт зөвлөмж бүхий номуудаар уг үзэсгэлэнг мялаалаа.

Энэ үйлсэд гар бие оролцож, сэтгэлийнхээ дуудлагаар ногоон ургамалтай амьдралаа холбосон олон олон байгууллага хамтарч ажиллажээ. Өнөө үед их хотын гудамжаар алхлах брэндийн хувцсаар гангарч, рок дуу сонссон шинэ үеийн төлөөлөл-залуус маань хойчийн ногоон ирээдүйгээ биш, хоромхон зуурын баялгийг илүүд үзэж байгаа нь нүдэнд тодхон. Хүрээлэн буй орчныг цэвэр агаараар тэтгэж, өдрөөс өдөрт улам сэндийчлэгдэж байгаа газрын хөрсийг тэжээгч гол эх үүсвэр нь ногоон ургамал билээ. Гэтэл нарны гэрлийг шингээн байж, утаа бохирдол дунд ургаж ядан байгаа зүлгийг усалж, торддоггүй юмаа гэхэд дээрээс нь дэвсэлдэггүй, дэргэдүүр нь өнгөрдөг залуус өнөөдөр хэд байна вэ? Амьд ургамлыг хайрлан тэтгэж, ногоон байгалийн ирээдүйг хамтдаа дэмжих ухамсрыг иргэдэд таниулахад фестивалийн гол зорилго оршино. Морин хуурын түрлэг аялгуугаар үзэсгэлэнгээ нээсэн нь ч Монгол түмэнд минь цэцэгсийн шивнээг яруу сайхнаар түгээх шиг боллоо. Уг нээлтийн ажиллагаанд Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийг хөгжүүлэх үндэсний холбооны тэргүүн Л.Энхтуяа, “Хайтан” цэцгийн клубын тэргүүн Г.Батсүх, Хотын ерөнхий менежер Ч.Бат, Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэг, “Хайтан” клубын цэцгийн багш Цэрэнчимэд нар оролцсон юм. Ингээд Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийг  хөгжүүлэх үндэсний холбооны тэргүүн,  Монголын анхдугаар цэцгийн фестиваль төслийн санаачлагч Л.Энхтуяатай хийсэн ярилцлагыг сонирхуулъя.

 -Танд энэ сайхан үйл ажиллагааг зохион байгуулах санаа анх яаж орж ирэв?

– Би хувьдаа цэцгэнд маш их хайртай. Цэцгийн фестивалийг зохион байгуулах санаа хоёр жилийн өмнө анх орж ирсэн. Нэг цэцгийн баярт уригдаад, очсон чинь хаа сайгүй хиймэл цэцэг барьсан хүмүүс зогсож байсан. Үүнийг би мэргэжлийн хүний хувьд хараад арай ч ийм зүйл байж болохгүй гэдгийг өөртөө сануулж байлаа. Энэ ч үүднээсээ ногоон байгууламжийн цогцолбор түлхүү байх ёстой гэж бодсон. Тэгээд өнөөдрийн энэ үйл  ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд, ингэж зохион байгуулдаг гэдгийг харуулахыг хичээсэн дээ.

-Өмнө нь нийслэл хотод маань цэцгийн баяр гэхчлэн арга хэмжээ хэр их зохиогддог байв, өнөөдрийн анхдугаар фестивалийн онцлогийг  тодотговол?

– Бид нар энэ фестивалийг юугаар нь онцолж анхдугаар гэж зарлаж чадаж байна вэ гэхээр юун түрүүнд манай 500 гаруй хамтран ажиллагч байгууллага  бүгд гар бие оролцож, чин сэтгэлээсээ ажиллацгаасан. Мөн ямар ч төрийн байгууллагаас мөнгөн тусламж аваагүй. Зөвхөн өөрсдийн чин хүслээрээ нэгдсэн. Хамгийн гол нь энэ үзэсгэлэнд зориулж  таван сая цэцэг тарьсны гурван сая нь өнөөдөр дэлгэгдэж байна. Хүмүүс цэцгээр урласан гайхалтай бүтээлүүдийг сонирхохоос гадна цэцэг, ногоон ургамлыг арчлах талаар үнэ төлбөргүй зөвлөгөө авч болно. Үйл ажиллагааны хүрээнд эрвээхийний үзэсгэлэн тавигдахаас гадна ХААИС-ийн ландшафт архитектурын ангийн оюутнуудын макетын бүтээлүүдийг дэлгэн танилцуулж байгаа.

-Таны хувьд цэцэгтэй амьдралаа холбоод хэр удаж байна?

-Би өөрөө 11 хүүхэдтэй айлын 11 дэх хүүхэд. Бид нар бүгдээрээ л гадаадад сурцгаадаг байлаа. Аав минь харин гэртээ үргэлж цэцэг тарьчихаад, дэлбээлэх үеэр нь хүүхдүүд минь ирэх нь л дээ  гэж ярьж суудаг хүн байсан. Миний нөхөр намайг “Ханийн минь хатгасан юм болгон ургадаг” гэж хэлсэн нь надад маш том дэм хайрласан.

-Цэцэг арчилгааны талаар та уншигчдад маань зөвлөвөл, дан ганц услах нь хангалтгүй гэдэг шүү дээ?

-Энэ талаар манай “Хайтан” клубынхан  тогтмол сургалт явуулдаг. Цэцэг бол таны хүүхэдтэй л адил. Би хувьдаа  хүн болгон цэцгээ хайрлаж, үргэлж цэцэгтэйгээ ярилцаж байгаарай гэж хэлмээр байна. Энэ бүхний хариуд цэцэг таны амьдралын бүхий л сайн сайхан мөчид хамтдаа байдаг. Харуусал гунигаа ч бид цэцгээр хуваалцаж, тайтгардаг шүү дээ.

Энэхүү үзэсгэлэнд “Монголфлора” төвийн хамт олон, “Ногоон төгөл”, “Ногоон харш” компани, “Москва” их дэлгүүрийн цэцгийн дэлгүүр, “Алтанзул” цэцгийн дэлгүүр, “Органик Монгол” хөтөлбөр, “Мод тарья” болон “Цэцэгчний хүслэн” нэвтрүүлэг, “Өнөөдөр”, “Өдрийн сонин”, “Өдрийн шуудан” сонин тэрчлэн “Экстра” орос худалдааны төв , Гэрлэх ёслолын ордон зэрэг аж ахуйн нэгж байгууллагууд хамтран ажиллажээ. Тэдгээрийн төлөөлөл болох “Монголфлора” төвийн менежер Ч.Одбаяртай уулзаж ярилцлаа. Тэрээр уг үйл ажиллагааны хамгийн том цэцгэн урлалыг бүтээсэн юм . Петуния буюу хун цэцгээр өнгийн солонгорол, шинэлэг шийдлийг шингээж чадсан энэ бүтээл цугласан олны нүдийг хужирлаж байлаа. Олон өдрүүдийн хүч хөдөлмөр, байгууллага хамт олны хүсэл тэмүүллийн нэгдлээр “хэлхсэн” тэрхүү цэцгэн мандлын ажлын явцаас нь сонирхлоо.

-Манай “Монголфлора” төв 2011 оны аравдугаар сараас үйл ажиллагаа явуулж эхэлснээр анхны цэцгийн ургацаа аваад өнөөдрийн фестивальд оролцож байна. Бид гадна тохижилт, мандлын зориулалттай  петуния цэцгийн төрлүүдээс тарьж ургуулсан. Манай хамт олон Голланд, Чех, АНУ-аас үрийг нь захиалж авчраад, мөн цэцэг үрслүүлэх тусгай зориулалттай хөрсийг Голландаас авчирч суулгадаг. Нэг сарын эхэн үеэс бэлтгэл ажлаа хийгээд, гурван сарын 15-нд цэцгээ үрслүүлж суулгасан. Энэ хун цэцэг маань мандлын зориулалттай, гадаа -6 градуст тэсвэртэй учраас манай оронд таван сарын сүүлээр, зургаан сарын эхэн үеэр гадаа мандалд суулгахад тохиромжтой. Нийт энэхүү үзэсгэлэнгийн цэцэг, цэцгэн байгууламжууд бол манай ажилчдын гурван сараас өдийг хүртэл зүтгэсэн уйгагүй хөдөлмөрийн үр дүн юм.

Ногоон ирээдүйн төлөө сэтгэл зовнисон, эх нутгийнхаа хойчийн эрүүл байгалийг хамгаалж үлдээхэд өөрсдийн хувь нэмрийг оруулж буй байгууллага, хамт олны төлөөллүүдийн ярианаас та бүхэнд хүргэлээ. Мянга сонсохоор нэг үз гэдэг. Бид бүгдээрээ байгаль эхийн “бүтээгдэхүүн”-ий хувьд экологийн тэнцвэрт байдал алдагдсан, цөлжилт нэмэгдэж, ногоон моддоо огтлуулсан нүцгэн  байгалиа нүдний өмнө мөхөхийг нь харсаар суух юм гэж үү. Үүнд та үгүй гэж хариулвал яг одоо Монголын анхдугаар цэцгийн фестивалийг зориорой. Ногоон үйлс дэлгэрэх болтугай.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

М.НОМИН-ЭРДЭНЭ

"ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж