Хоёр гүүрний дундах Цэцэрлэгт хүрээлэн

Хуучирсан мэдээ: 2012.06.18-нд нийтлэгдсэн

Хоёр гүүрний дундах Цэцэрлэгт хүрээлэн

Зурагнаас өөр үзүүлэх зүйлгүй байсан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эхний ээлжийн талбайнууд ашиглалтанд орж “ийм цэцэрлэгт хүрээлэн бий болох нь” гэх анхны төсөөлөл бий болж эхлэв. Олимпийн гудамж, Маршалын гүүрнээс зүүн тийш Баянзүрхийн гүүр хүртэл Туул голын хойд хөндийд 670 га талбайд энэхүү Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бий болж байгаа бөгөөд  Сүхбаатарын талбайгаас хоёр гаран километр яваад л очих аж.

Тооцоолол ёсоор энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь бүрэн ашиглалтанд орсноор Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 23 хувийг дангаар бүрдүүлэх гэнэ. Хүрээлэнд орох эхний зураглал 24 метр өргөн, 230 метр урт боржин чулуун зам, 40 метрийн голчтой усан оргилуур, мөн хоёр талаар эгнүүлэн суулгасан гацуур, хар мод зэрэг зулзаган моднууд алслан үзэгдэнэ. Энэхүү Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эхний ээлжийн ажил буюу 150 га талбайн төлөвлөлтийг хийсэн төдийгүй өнгөрөгч онуудаас нийт 55 га талбайд мод, бут, сөөг тарьж ургуулах, хамгаалалтын хашаа, төв хаалгыг барих ажлууд хийгдсэн байх аж.

Энд буй усан оргилуур нь үзүүлэнгийн зориулалтаар бага зайд байрлаж буй бөгөөд жинхэнэ байрлах газартаа суурилагдахдаа улсдаа битгий хэл Азид томд тооцогдох инженерийн байгууламж болохоор төлөвлөгдөж.

Удахгүй энд гүйлтийн болоод дугуйн зам баригдахаар төлөвлөгөө нь батлагдсан ба усалгааны систем нь ч суурилагдан ажиллаж эхэлжээ. Байгууллага хамт олон энэ хүрээлэнгийн тодорхой хэсгүүдэд хөрөнгө оруулалт хийж, өөрсдийн нэрэмжит талбай төгөл бий болгох боломжтой бөгөөд эхний байдлаар цагдаагийн алдрын талбай энд бэлэн болсон байна. Гэвч энэхүү цэцэрлэгт хүрээлэнгийн ажил нь бүрэн дуусаагүй байгаа тул таныг шинэхэн сандал, залуухан суулгацнуудаас гадна салхитайхан өдөр сул шороо хүлээж буйг санахад илүүдэхгүй биз. Сонгуулийн өмнө яаран нээж байна гэх хардлагатайгаар нээлтээ хийж буй ч нийслэлчүүдийн очих газар удахгүй нэгээр нэмэгдэх нь бололтой.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.


Б.МАНД
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж