Монгол нүүрсний экспортоор Австралийг нэхэж байна

Хуучирсан мэдээ: 2012.06.20-нд нийтлэгдсэн

Монгол нүүрсний экспортоор Австралийг нэхэж байна

Монгол Улс ашигт малтмалын экспортоор Австралийн хамгийн том өрсөлдөгч болж буй гэнэ. Далайд гарцгүй, Төв Азийн Монгол коксжих нүүрсний зах зээлийн 44 хувийг дангаар хангаж байгаа бол Австрали зах зээлийн дөнгөж 22 хувийг эзэлж байгаа аж.  Тиймээс Монголын шинэ төмөр замын төсөл нь Япон, БНСУ зэрэг нүүрсний томоохон зах зээл рүү нүүрсээ маш хямд үнээр, богино хугацаанд гаргана гэсэн үг хэмээн www.emergingfrontiersblog.com сайтад бичжээ. Тус сайтад гарсан Брайн Лангисын нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Австралийн Ньюкастл боомтоос БНСУ-ын боомт хот хүртэл нүүрс тээвэрлэхэд 17 хоног шаардагддаг бол Монголд шинэ төмөр замын сүлжээ тавьбал Сибирийн боомт хотууд руу нүүрс тээвэрлэхэд ердөө гурав хоног, Япон тэнгис хүртэл тээвэрлэхэд цөөн хэдэн хоног зарцуулах гэнэ. Монголын асар их баялгаас бүгд хувь хүртэхийг хүсч байгаа бөгөөд хамгийн сүүлд л гэхэд Сингапурын хөрөнгө оруулагч “Temasek” Оюутолгой төслийг хэрэгжүүлж буй “Айвенхоу Майнз” компанийн хувьцааны 5.5 хувийг худалдаж авсан юм. Мөн хэдэн долоо хоногийн өмнө Энэтхэгийн ган үйлдвэрлэгч Монголд коксжих нүүрс, төмрийн хүдрийн төслүүд хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан байна. Их Британийн банк, санхүүгийн “Standard Chartered”-ийн үзэж буйгаар Хятад далайн чанадаас өндөр үнээр нүүрс импортолсноос эрдэс баялгийн асар их нөөцтэй хөрш Монголоос бараг үнэгүй шахам (нэг тонн нь 25 ам.доллар) худалдаж авахыг илүүд үзэх болсон гэнэ. Австрали үүнээс өмнө Хятадын нүүрсний экспортын зах зээл дэх байр сууриа чулуун нүүрсний хамгийн том нийлүүлэгч Индонезид байраа тавьж өгсөн билээ. Учир нь Индонези газар зүйн давуу байдлаа ашиглан Хятадад импортын нүүрсээ 35 хувийн хямдралтай үнээр нийлүүлэх болсноор Австрали Хятадын хоёр дахь том нүүрс нийлүүлэгч болсон юм. Харин одоо Монгол Улс нүүрсний импортын хэмжээгээр Австралийг ардаа орхиход ойрхон байгаа бөгөөд Монголоос олборлосон нүүрсийг Хятадын боомт хотууд дахь станц руу шууд тээвэрлэж байгаа аж. Өмнөговь аймаг дахь Тавантолгойн нүүрсийг Сибирь рүү тээвэрлэж, Япон, БНСУ-ын зах зээл рүү гаргах 110 км урт шинэ төмөр зам тавих нь Монголын төмөр замын төслүүдээс хамгийн даацтай нь юм. Тавантолгойн орд нь 1.6 тэрбум тонн, маш сайн чанартай коксжих нүүрсний нөөцтэй. Монголоос коксжих нүүрсний гуравдахь том ордыг нээсэн гэж зарлаад буй Авсралийн “Aspire Mining” Эрдэнэт-Мөрөнгийн чиглэлд тавих транс-Монголын 406 км шинэ төмөр замаар нүүрс тээвэрлэх аж. Монголын хамгийн их нөөцтэй 10 орд 2.75 их наяд ам.долларын ашиг авчирна гэсэн тооцоо бий. Гэвч Монголын жижиг уурхайнууд ч гэсэн гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын хорхойг хөдөлгөж байгаа аж. Япон л гэхэд Монголд газрын ховор элементийн төслүүд дээр идэвхтэй ажиллаж байгаа билээ. Учир нь Япон аж үйлдвэрлэлийн өндөр үнэтэй түүхий эдийг орлуулах зайлшгүй шаардлагатай тулгараад байгаа юм. Япон цөмийн реакторуудаа хааснаас хойш тус улсын эрчим хүчний компаниуд шингэрүүлсэн байгалийн хий, чулуун нүүрсийг импортлох нь нэмэгдсэн юм.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж