Налайх дүүрэгт боом өвчин гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.06.24-нд нийтлэгдсэн

Налайх дүүрэгт боом өвчин гарчээ

Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг, “Бүс нуурын хойд энгэр” гэдэг газар зусч байгаа Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн малчин н.Даваахүүгийн үнээ боомоор өвчилж үхсэн байна. Үүнтэй холбогдуулан Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд Улсын Онцгой комиссыг өчигдөр зарлан хуралдуулж, цагийн байдлыг хэлэлцэн, авах арга хэмжээний талаар үүрэг өгсөн байна. Шинжилгээний хариу эцэслэн гараагүй хэдий ч хязгаарлалтын дэглэм тогтоож, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх ажлыг эрчимжүүлэх, өвчний голомтод эргүүл, хяналт шалгалтын хэсэг гаргах, ариутгалын цэгийг Тэрэлж, зүүн аймгууд руу явах замд ажилуулж эхлэхээр шийдвэрлэсэн байна.

Мөн гурван айлын 15 хүн, 1000 гаруй малыг дахин үзлэгт хамруулж, гартаа шарх авсан хоёр иргэнд үзлэг, шинжилгээ хийн, иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл хүргэх болжээ. Цаашид шүлхий болон боом өвчний вакциныг цаг хугацаанд нь хийж дуусгах, халдварын голомтод байгаа айлын малыг нядлуулахгүй, сүү, цагаан идээг худалдан борлуулахгүй байхад хяналт тавих болсон байна. Дээрх гурван хот айлын малд гоц халдварт өвчнөөс сэргийлэх вакциныг 7 хоногийн өмнө хийсэн байжээ.

Д.Жаргал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж