“Нэг сая төгрөгийг бүтнээр нь авах боломж бий”

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

“Нэг сая төгрөгийг бүтнээр нь авах боломж бий”

Засгийн газрын 2008-2012 оны хөтөлбөрт тусгагдсан  иргэн бүрт 1.5 сая төгрөг олгох арга хэмжээний хүрээнд Хүний хөгжил сангаас оюутны сургалтын төлбөрт 500 мянган төгрөг, иргэн бүрт сар бүр 21 мянган төгрөг гэх мэт хишиг, хувь олгож байгаа арга хэмжээ 2012 оны 6 дугаар сард дуусахаар төлөвлөгдсөн байна. Хүний хөгжил сангаас цаашид ямар арга хэмжээг хэрэгжүүлэх, тус сангийн талаар баримтлах бодлого, чиглэл хэрхэн өөрчлөгдөх талаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөрөөс зарим асуултад дэлгэрэнгүй хариулт авлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хүний хөгжил сангаас олгож байгаа хишиг, хувь олголт энэ 6 дугаар сард дуусаж байгаа талаар мэдээлсэн. Хүний хөгжил сангаас иргэдэд бэлэн мөнгө олгож байгаа үйл ажиллагаа хэдийн хүртэл үргэлжлэх вэ?

-Юуны өмнө Хүний хөгжил сангийн одоогийн үйл ажиллагааны талаар товчхон мэдээлэл өгье. Анх 2009 онд Улсын Их Хурлаас Хүний хөгжил сангийн тухай хууль баталсан. Энэ хуулийн хүрээнд Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан иргэн бүрт 1.5 сая төгрөг олгох арга хэмжээг 2010-2012 онд хэрэгжүүлж, иргэдэд бэлэн мөнгө, оюутны сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртээж ирсэн. Мөн Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн дагуу ЭМД-ийн шимтгэлийг нь төрөөс хариуцан төлөх иргэдийн шимтгэлийг төлж байна. Засгийн газрын 2010 оны 84 дүгээр тогтоолоор 2010-2012 онд тус сангаас иргэн бүрт 500 мянган төгрөгийг бэлнээр, үе шаттайгаар олгохоор тогтоосон. Ингсэнээр 2010 онд иргэд 50, 70 мянган төгрөгийг, 2011 онд сар бүр 21 мянган төгрөг, 2012 оны эхний 5 сард 21 мянган төгрөг, 6 дугаар сард 23 мянган төгрөг олгож бүрэн хэрэгжүүлж дуусч байна. Харин үлдэж буй 1.0 сая төгрөгийг оюутнууд 2010-2012 онуудад сургалтын төлбөр хэлбэрээр, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 1.0 сая хүртэлх төгрөгийг бэлнээр энэ оны 2 дугаар улиралд 3 хувааж олгож дуусгана. Ингсэнээр нийт 140 гаруй мянган оюутан, 204.2 мянган ахмад настан, 130.0 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд 1.5 сая төгрөгөө бүрэн авах нөхцлийг бүрдүүлж ажиллалаа.

-Бусад иргэдийн хувьд 1.5 сая төгрөгөө бүрэн авч чадах уу?

-Хамтарсан Засгийн газрын үед Улсын Их Хурлын 2011 оны 57 дугаар тогтоол батлагдажиргэн бүрт 1.5 сая төгрөг олгох арга хэмжээний хүрээнд Эрдэнэс тавантолгой ХК-ийн 1.0 сая хүртэлх төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий хувьцааг эзэмшүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон. Энэ дагуу Засгийн газрын 2012 оны 4 сарын 11-ний өдрийн 116 дугаар тогтоол батлагдажиргэн бүрт Эрдэнэс Тавантолгой хувьцаат компанийн 1072 ширхэг хувьцааг эзэмшүүлэх, урьд өмнө Хүний хөгжил сангаас сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртсэн, мөн 1.0 сая төгрөг бэлнээр авч байгаа бол түүнд ногдох хувьцааг суутган тооцох замаар асуудлыг шийдвэрлэсэн. Хэрэв иргэд хүсвэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн зах зээл дээр чөлөөтэй арилжаалж эхлэх өдрөөс өмнө сайн дурын үндсэн дээр зөвхөн Засгийн газарт нэрлэсэн үнээр нь буюу 1.0 сая төгрөгөөр худалдах боломжтой байгаа.
           
-Хүний хөгжил сангаас олгож буй хишиг, хувийн мөнгийг хэрхэн бүрдүүлдэг вэ?

-Хүний хөгжил сангийн тухай хуулиар тус сангийн эх үүсвэрт стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг, хувьцаа борлуулсны орлого, ашигт малтмалын орд газарт ашигт малтмал олборлох, боловсруулах үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 70 хувь, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашиглахтай холбогдуулан авсан урьдчилгаа мөнгө, зээлийн тодорхой хэсгээс бүрдэхээр зохицуулсан байдаг.

-Өмнөх онуудад Хүний хөгжил санд төлөвлөсөн мөнгөө бүрэн төвлөрүүлж чадсан уу? Санд мөнгө төвлөрөхгүй саатах тохиолдол урьд өмнө гарч байсан уу?

-Хүний хөгжил санд ямар эх үүсвэрээс хэдэн төгрөг төвлөрүүлж, зарцуулахыг Улсын Их Хурлаас шийдвэрлэдэг.Жишээлбэл, 2010 оны 11 сарын 25-ны өдөр Улсын Их Хурлаас баталсан Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулиар нийт 828.4 тэрбум төгрөгийг тус сангаас зарцуулах, үүнийг татварын орлого 253.8 тэрбум төгрөг, төрийн өмчит компанийн хувьцааны ногдол ашиг 44.0 тэрбум төгрөг, урьдчилгаа төлбөр 490.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлсний үндсэн дээр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Татварын орлогын хувьд уул уурхайн компаниудын үйл ажиллагаа нь улирлын чанартай байдгаас хамаарч оны эхний улирлуудад харьцангуй бага хэмжээгээр төвлөрдөг, харин сүүлийн хагас жилд ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагааны идэвхижлээс хамаарч ихэнхи хэсэг нь төсөвт төвлөрдөг. Мөн сангийн эх үүсвэрийн 40-50 хувь нь стратегийн ач холбогдол бүхий орд ашиглахтай холбоотой томоохон төслүүдээс, тухайлбал Оюутолгой, Тавантолгой гэх мэт, хамаардаг тул орлого хугацаандаа төвлөрүүлэхэд маш олон бусад гадаад хүчин зүйл нөлөөлдөг. Эдгээр шалтгааны улмаас 2011 оны эхний улирлуудад сангийн зарлагыг санхүүжүүлэх эх үүсвэр дутагдаж байсан.

-Иргэдэд Засгийн газар бэлэн мөнгө тараахтай холбоотойгоор төсвийн байгууллагуудын санхүүжилтийн мөнгийг ашиглаж байгаа, мөн Монгол Банкнаас их хэмжээний зээл авч байгаа, магадгүй мөнгө хэвлүүлж байгаа гэсэн яриа байна. Энэ ер нь үнэн үү?

-Бэлэн мөнгөөр хишиг, хувь хүртээх ажлыг уг сангийн орлогоор хэрэгжүүлж байгаа. Гэхдээ дээр дурьдсан шалтгааны улмаас сар, улирлын шинжтэй түр зуурын орлого, эх үүсвэр дутагдсан тохиолдолд Төв банкны тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу Засгийн газарт төсвийн улирлын чанартай орлого, зарлагын зөрүүг нөхөхөд зориулж түр хугацааны зээлийг олгож болдог. Энэ зохицуулалтын хүрээнд хамтарсан Засгийн газрын үед буюу 2011 онд ч зээл авч ашиглаж байсан. Энэ оны хувьд мөн энэ зарчмаар богино хугацааны санхүүгийн эх үүсвэрийг нөхөн ажиллаж байна.

-Энэ оны хувьд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 1.0 сая төгрөгийг Засгийн газраас олгоно гэсэн, үүнийхээ дагуу II улиралд багтаан 3 хувааж олгож байна. Нийтдээ хэдэн хүнд сая төгрөгийг олгох вэ?

-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны статистик мэдээллээр 2012 онд эрэгтэй 60 ба түүнээс дээш настай, эмэгтэй 55 ба  түүнээс дээш настай 204.2 мянган иргэн, хөгжлийн бэрхшээлтэй 130 орчим мянган иргэн буюу 334.2 мянган иргэн бүртгэлтэй байгаа. Тэднээс  энэ оны 6 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар байдлаар 302.6 мянган иргэн нэг сая төгрөг бэлнээр авах хүсэлтийг гаргасан. Хүсэлт гаргаагүй ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй бусад иргэдийг хувьцаагаа авах сонголт хийсэн гэж ойлгож байгаа.

-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 1.0сая төгрөг олгох арга хэмжээний хэрэгжилт ямар төвшинд байна вэ?

-Инфляцид үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилгоор 1 сая төгрөгийг 2 улиралд багтаан 3 хувааж олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу Улаанбаатар хотын 9 дүүргийн 118 орчим мянга, хөдөө орон нутагт 184 мянган иргэний 330 мянган төгрөгийг 2012 оны 6 сарын 08-ны өдрийн байдлаар бүрэн олгосон. Эдгээр иргэдэд 2 дахь ээлжийн 330 мянган төгрөгийг 2012 оны 6 сарын 22-ны байдлаар бүх аймаг, нийслэлд олгохоор Сангийн яамнаас санхүүжилтийг холбогдох аймаг, дүүргийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсүүдэд шилжүүлсэн ба  эдгээр байгууллагууд арилжааны банкаар дамжуулан олгох ажлыг зохион байгуулж байна.

-Үлдэж буй 340 мянган төгрөгийг хэзээ олгох вэ?

-Засгийн газрын 2012 оны гуравдугаар 28-ны өдрийн 96 дугаар тогтоолоор ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мөнгийг гурав хуваан олгохоор шийдвэрлсэн. Үүнийг хоёрдугаар улиралд багтаана гэж хэлэлцсэн. Үүний дагуу ажиллаж байна. Санхүүжилтийн эх үүсвэр үе шаттайгаар төвлөрч байгаа учраас аль болох хүн ам төвлөрсөн газар эхлээд олгох ажлыг зохион байгуулж байна. Нэг сая төгрөгийг гурван үе шаттайгаар 2 дугаар улиралд багтаан олгох төлөвлөгөөний хүрээнд, үүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө л ажиллаж байна. Гэхдээ иргэд зургаан сард багтаж авч чадаагүй бол долоо, наймдугаар сард авах бүрэн боломжтой. Улсын Их Хурлаас баталсан 2012 оны Хүний хөгжил сангийн төсвийн тухай хуулиар энэ мөнгийг иргэд 2012 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл авах эрх нь нээлттэй байгаа.

-Хүндэтгэх шалтгаантай иргэд нэг сая төгрөгөө бүхлээр нь авах боломж бий юу?

-Засгийн газраас II улиралд гурав хувааж олго гэсэн. Тиймээс зургаан сараас өмнө бол бүхлээр нь авах боломжгүй. Харин гурав хувааж олгочихсны дараа магадгүй 8, эсвэл 9 сард авах иргэд бөөнөөр нь авах боломжтой.

-Хишиг, хувиа огт авч байгаагүй хүн дараагийн шинэ Засгийн газрын үед авч болох уу? Тухайлбал, гадаадад байгаа, бичиг баримтын зөрчилтэй иргэд мөн бичиг баримт огт авч байгаагүйгээс шинэчилсэн бүртгэлд хамрагдаж чадахгүй байгаа иргэн гэх мэт…

-Хүний хөгжил сангийн тухай хуулийн 15.1-д заасны дагуу хүн ам, өрхийн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний харъяаллын зөрчилгүй Монгол Улсын иргэнд хишиг, хувь хүртээнэ гэж заасан. Иймд дээрх иргэдийн хувьд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаад нэр нь баталгаажин Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ирсэн тохиолдолд бэлнээр олгож байгаа хишиг, хувиа авах боломжтой.

-Цаашид энэ санг ямар зорилгоор ашиглах вэ?

-Хүний хөгжил сангийн тухай хуулийн үндсэн зорилго нь ашигт малтмал, уул, уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэж, тогтвортой өсөн нэмэгдэх байнгын нөөц бүрдүүлэн иргэддээ тэгш хүртээх явдал юм. Гэвч иргэн бүрт 1.5 сая төгрөг олгох арга хэмжээний хүрээндтус сангаас хишиг, хувь хүртээж байгаа өнөөгийн практик нь тус санд хуримтлал үүсгэх, өсөн нэмэгдэх нөөц бүрдүүлэх зорилтыг хангах бололцоог олгохгүй байна. Иймээс Уул уурхайн бүтээгдэхүүн, түүхий эдийн экспортоос орж буй зарим орлогыг хуримтлуулах замаар үндэсний хадгаламж буюу баялгийн сан үүсгэх, уг санг макро эдийн засгийн тогтвортой байдлыг удирдах, өнөөгийн газрын хэвлий доорх нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялгийг байнга өсөн нэмэгдэх санхүүгийн хөрөнгө болгон хадгалах, ирээдүй үеийнхэнд үр шимийг нь хүртээх чиглэлээр олон улсын туршлагад нийцүүлэн хуримтлалын сан бий болгоно. Сангийн хөрөнгийг ирээдүйд бий болох санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чиглүүлэхээр тооцож, санг өөрчлөхөөр холбогдох хуулийн төслүүдийг Сангийн яамнаас боловсруулж, 2013-2015 оны дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлтэй уялдуулан эдгээр хуулийн төслүүдэд санал авах, хэлэлцүүлэх шатанд явж байна.

-Баялагийн сан, хуримтлалын сан гэж юу болох талаар манай уншигчдад товч ойлголт өгөхгүй юу?

-Улс орнууд баялгийн сангаа ихэвчлэн төлбөрийн тэнцэлийн илүүдэл, төсвийн ашиг, валют арилжаанаас олсон ашиг, орлого болон өмч хувьчлалын орлого, түүхий эдийн экспортын орлогоос бүрдүүлдэг. Баялгын сан нь ихэвчлэн төрийн өмчит хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр ажилладаг. Энэ төрлийн сан нь олон улсын зах зээл дээр санхүүгийн хөрөнгө оруулалт хийх, тухайлбал хувьцаа, бонд, үнэт метал болон бусад төрлийн санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө байршуулах хэлбэрээр тус санг арвижуулдаг. Мөн сангийн нэг онцлог нь манайх шиг эрдэс, түүхий эд экспортолдог, үүнээс эдийн засаг, төсөв нь ихээхэн хамааралтай улсын хувьд гадаад валютаар орж байгаа орлогыг эдийн засагт шууд нийлүүлэхгүй байх, уг валютын орлогоор гадаад зах зээл дээр санхүүгийн хөрөнгө оруулалт хийх замаар эдийн засаг дахь хэт халалтын эсрэг арга хэмжээ авах, үнийн өсөлтийг хязгаарлах, мөн үндэсний валютын ханш чангарах болон үүнээс шалтгаалсан олон сөрөг эффектээс урьдчилан сэргийлэх давуу талтай.  Баялгийн сангууд нь хуримтлалын сан, тогтворжуулалтын сан гэсэн 2 төрөлтэй байдаг. Тогтворжуулалтын сангууд нь Засгийн газрын төсвийн орлогын хэлбэлзэлийг багасгах, үндэсний эдийн засаг болон төсвийн зарлагыг циклээс хамаарсан сөрөг нөлөөллийг бууруулах үүрэгтэй. Харин хуримтлалын буюу хадгаламжийн төрлийн баялгийн сангуудыг байгалийн болон эдийн засаг дахь өнөөдрийн нөөц, бололцоог ирээдүйд хуваарилах зорилгоор байгуулдаг. Үүнээс гадна ирээдүйд тохиолдох тодорхой бус асуудлыг шийдвэрлэх стратегийн нөөц, хуримтлал хэлбэрээр баялгийн сан үүсгэх хандлага байдаг. Энэ төрлийн сангийн жишээ бол Норвеги улсын Засгийн газрын тэтгэврийн сан юм.

Засгийн газар өнөөдрийн өндөр орлогоос хуримтлал үүсгэхийн оронд мөнгийг шууд зарцуулах нь тухайн улсын эдийн засгийг хэт халалтанд оруулж, бидний сайн мэдэх үнийн өсөлтийг гааруулах зэрэг эрсдэл дагуулдаг. Харин хадгалсан мөнгийн хэт бага инфляцитай үед зарцуулахад ашиглах нь боломжтой юм.

Монгол Улсад уул, уурхайн салбарын өсөлт өндөр, энэ салбарын экспорт нийт экспортыг дийлэнхийг бүрдүүлдэг. Монголд дээр хэлсэн баялгийн сангуудыг байгуулж, ашиглах асуудал хэрхэн хэрэгжиж байна?

Монгол Улс 2009 онд Хүний хөгжил сангийн тухай хууль, 2010 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг тус тус баталснаар Хүний хөгжил сан, Төсвийн тогтворжуулалтын сангуудыг үүсгэн байгуулсан. Эдгээр сангууд нь дээр дурьдсан баялгийн сангийн 2 төрөлд хамаарах элементүүдийг агуулдаг.

Төсвийн тогтворжуулалтын сан  нь эдийн засгийн цикл болон эрдэс, түүхий эдийн дэлхийн зах зээл дээрх үнийн хэлбэлзлээс шалтгаалсан төсвийн орлогын хэлбэлзлийг бууруулах, тогтворжуулах зорилготой. Гол эх үүсвэр нь гол нэрийн эрдэс, түүхий эдийн үнийн тэнцвэржүүлсэн орлогоос давсан орлогыг тус санд төвлөрүүлэх, сангийн хамгийн бага үлдэгдлийг ДНБ-ний 5 хувиас бууруулахгүй байх, сангийн хуримтлал ДНБ-ний 10 хувьд хүрсэн тохиолдолд түүнээс илүү гарсан хэсгийг гадаад, дотоодын зах зээл дээр санхүүгийн хөрөнгө оруулалтад байршуулж болохоор зохицуулсан. Тус санд 2012 оны эцэст 322.4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр байгаа ба ирэх 3 жилийн төсвийн хүрээний мэдэгдлээр нийт 1423.5 тэрбум төгрөгийг тус санд төвлөрүүлэхээр байна.

Хүний хөгжил сангийн тухайд тус санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, стратегийн ач холбогдол бүхий ордод үйл ажиллагаа явуулж байгаа уул, уурхайн компанийн төрийн өмчид ногдох ногдол ашгийн орлого, урьдчилгаа төлбөр, стратегийн орд газарт үйл ажиллагаа явуулж буй компаний төрийн мэдлийн хувьцааг борлуулсны орлого зэрэг эх үүсвэрийг төвлөрүүлэх, тус сангийн хөрөнгийг гадаад, дотоодын санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийх замаар удирдах, боломжтой байхаар хуульчилсан. Гэвч сангийн хөрөнгийг  “уул уурхайгаас орох орлогоос иргэн бүрт 1.5 сая төгрөг олгох” арга хэмжээг хэрэгжүүлж, хишиг, хувь хүртээх байдлаар санд төвлөрсөн орлогыг хуримтлал үүсгэхгүйгээр зарцуулж ирсэн нь Баялгийн сангийн зарчмаар ажиллах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Иймд Хүний хөгжил санг ирээдүйд төсвийн бодлогод сөргөөр нөлөөлөх, урт хугацаанд урхаг ихтэй эрсдлийг даван туулах тодорхой зорилгод чиглүүлэн хуримтлалын сан хэлбэрээр өөрчлөн зохион байгуулна. Энэ сангаас хишиг, хувь хүртээж байгаа үйл ажиллагааг тусгай хуулийн этгээдэд хариуцуулж, зөвхөн стратегийн орд газарт үйл ажиллагаа явуулж байгаа компанийн төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийг иргэдэд хуваариладаг байх зарчимд шилжих нь зүйтэй гэж үзэж байгаа.

Бас нэг асуулт байна. Сүүлийн үед төрийн сангийн данс улайлаа гэсэн мэдээлэл гараад байгаа. Үнэхээр ийм байгаа юмуу ?

Үгүй ээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2012 оны 5 дугаар сарын гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 1,820.0 тэрбум төгрөг буюу 85.3 хувийн, нийт зарлага 2,224.5 тэрбум төгрөг буюу 68.3 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 404.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан.

Урьд жилүүдийн практикаас харахад төсвийн орлогын бүрдүүлэлт улирлын чанартай байдаг. Төсвийн жилийн эхний саруудад төвлөрч байгаа орлогын хэмжээ нь жилийн сүүлийн саруудынхтай харьцуулахад бага байдаг. Орлогын албан татвар, НӨАТ-ын орлогын биелэлт жилийн сүүлийн саруудад харьцангуй өндөр байх жишээтэй.

Мөн нөгөө талаас төсвийн зарцуулалт бас улирлын чанартай байдаг. Тухайн жилд хийгдэхээр төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын арга хэмжээ, зам барилга барих ажлуудыг урин дулааны цагт амжуулах үүднээс санхүүжилтийг нь жилийн эхний саруудад тавьдаг. Мөн нийт төсвийн байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангах, урсгал засвар хийх ажлуудаа 4-7 саруудад хийхээр төлөвлөж саналаа ирүүлдэг.

Энэхүү орлого бүрдүүлэлт, зарлагын санхүүжилтийн онцлогоос гарч байгаа улирлын чанартай хүндрэлийг даван туулах зорилгоор жил бүрийн төсөвт тодорхой зохицуулалтыг урьдаас төлөвлөн хийж, тухайн жилийн төсөвт суулган өгдөг. 2012 оны хувьд улирлын чанартай алдагдлыг нөхөх зорилгоор 300 тэрбум төгрөгийн Засгийн газрын богино хугацаат, дотоод бонд гаргахаар төлөвлөж 2012 оны төсвийн тухай хуульд тусгаснаас энэ сард 173 тэрбум төгрөгийн бондыг арилжаалаад байна. Өнөөдрийн байдлаар Монгол банкинд төрийн сангийн нэгдсэн данс 848.0 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Засгийн газрын бонд арилжаалж улирлын чанартай алдагдлыг нөхөхөөс өөр арга хэмжээ авдаг уу?

Монгол Улс төрийн сангийн нэгдсэн тогтолцоотой. Энэ тогтолцооны давуу тал нь Сангийн яамны зүгээс төрийн сангийн нэгдсэн дансанд бэлэн мөнгөний удирдлагыг хэрэгжүүлэх боломж олгодог. Өөрөөр хэлбэл хэдийгээр төсвийн ерөнхийлөн захирагчид, төсвийн байгууллагууд тус тусдаа данстайгаар үйл ажиллагаагаа явуулдаг ч Төв төрийн сангийн зүгээс нэгдсэн дансны менежментийг хийж ажилладаг. Төсвийн зарим ерөнхийлөн захирагчдын ашиглагдаагүй үлдэгдэл эсвэл ашиглах хугацаа нь болоогүй мөнгөн хөрөнгийг шаардлагатай газар нь тавьж зарцуулах байдлаар тогтвортой байдлыг хангаж бэлэн мөнгөний удирдлагыг хэрэгжүүлдэг.
   

Б.БАЯР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж