“Төрийн мэдээлэл“ эмхэтгэлийн шинэ дугаар гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.06.26-нд нийтлэгдсэн

“Төрийн мэдээлэл“ эмхэтгэлийн шинэ дугаар гарлаа

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд тус тус өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэллээ. Хуулиар Монгол Улсын иргэнд газрыг 2018 оны тавдугаар сарын 01-ний өдөр хүртэл өмчлүүлэхээр боллоо.

Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн  төсөөллийн үзүүлэлтийг баталсныг нийтлэв.

Мөн Инновацийн тухай хууль болон хуультай холбогдуулан нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийг хамт нийтэллээ. Хуулиар инновацийн үйл ажиллагааны зарчим, удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт, төрийн дэмжлэг, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулан эзэмших, ашиглах, эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулсан байна.

Хуулинд “Инноваци” гэж шинэ мэдлэгийг баялаг болгон хувиргах цогц үйл явц,”инновацийн үйл ажиллагаа”  гэж шинэ санаа, шинэ мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, технологи, ажил, үйлчилгээг бий болгож зах зээлд нийлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ” хэмээн тодорхойлжээ. Инновацийн тухай хууль батлагдсантай холбогдуулан зарим хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтэллээ.
 
Эмхэтгэлд “Шүүхийн захиргааны тухай” хуулийг бүрэн эхээр нь нийтлэв. Хуулиар  шүүхийн захиргааны чиг үүрэг, зохион байгуулалт, үйл ажиллагааны зарчим, шүүхийн захиргааны ажилтны эрх зүйн байдлыг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахаар байгаа бол, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд шүүх эрх мэдлийн байгууллагад ил тод, нээлттэй байх зарчмыг бэхжүүлэх, шүүн таслах ажиллагаанд олон нийтийн зүгээс хяналт тавих тогтолцоог бий болгох зорилгоор шүүн таслах ажиллагаанд оролцож байгаа иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, түүний үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм.

Мөн дугаарт Зарим тусгай хамгаалалттай газар  нутгийн хилийн заагт өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэллээ.

Энэ тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Хан-Хэнтий тусгай хамгаалалттай газрын Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор, Тэрэлжийн төв газрыг тогтоолоор тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлсөн байна.

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол нийтлэгдэв. “Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг батлах тухай” Засгийн газрын 1995 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 241 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад 672-748  дахь заалт нэмжээ.

“Төрийн мэдээлэл“ эмхэтгэлийн редакци
2012.06.26

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж