Олимпийн багийн ахлагч чөлөөтийнхэнтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2012.06.26-нд нийтлэгдсэн

Олимпийн багийн ахлагч чөлөөтийнхэнтэй уулзав

Монгол Улсын Засгийн газрын Шадар сайд, “Лондон-2012” зуны олимпийн наадамд оролцох Монголын багийн ахлагч, “Олимп хөгжил” сангийн тэргүүн  М.Энхболд өнөөдөр Спортын төв ордонд байрладаг чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн бэлтгэлийн танхимд зочилж, Англи улсын Лондон хотод болох Зуны олимпийн наадмын чөлөөт бөхийн төрөлд оролцох эрх авсан бөхчүүд, хамтран бэлтгэл сургуулилт хийж байгаа бөхчүүд, дасгалжуулагчтай нартай уулзаж, тэдний бэлтгэл сургуулилтын явцтай танилцлаа. Түүнтэй хамт БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн нар ирсэн байв.

М.Энхболд ярихдаа “Манай тамирчдын олимпийн медалийн эхлэлийг чөлөөт бөхийнхэн тавьж түүхэн гавьяа байгуулсныг ард түмэн сайн мэддэг, ямагт бахархаж явдаг юм. Манай тамирчид өнгөрсөн олимпийн наадамд 2 алтан медаль авч монголын тамирчдын хүрэхгүй оргил байхгүйг нотолсон юм. Иймд манай чөлөөт бөхийнхөн удахгүй болох олимпийн наадамд урьдын баялаг уламжлалаа үргэлжлүүлж улам өндөр амжилт гаргана гэдэгт итгэж байна. Би Олимпийн наадамд оролцох монголын багийн ахлагчийн хувьд Англи улсад зочилж манай тамирчдын байрлах байр, орчин нөхцөлтэй танилцаж холбогдох албаны хүмүүстэй зохих асуудлыг хэлэлцэн тохиролцоод ирсэн. Олимпийн наадамд оролцох чөлөөт бөхийн тамирчдын нэрсийг ойрын үед эцэслэн шийдвэрлэхийг БТСГ, МЧБХ-ноос хүсэж байна.” гэж онцлон дурдлаа.

МҮОХ-ны дарга Д.Загдсүрэн мөн үг хэлж “Саяхан Олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос бүх орны тамирчид, дасгалжуулагч нарт хандсан захидал ирүүлсэн. Уг захидалд олимпийн наадмын үеэр өндөр сахилга баттай байхыг онцлон анхааруулсан байна. Манай чөлөөтийнхөн энэ удаагийн олимпийн наадамд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна, Та бүхнээс гарамгай амжилт, медаль хүлээж байна, үүний төлөө бүхнээ зориулах ёстой.” гээд “Лондон-2012” Зуны олимпийн наадамд оролцох монголын багийн ахлагч М.Энхболдод олимпийн наадамд оролцох эрхийн гэрчилгээг гарлуулав.

М.Энхболдоос дасгалжуулагч А.Цэдэнсодном, Ц.Баярсайхан, З.Дүвчин, Т.Сүхбаатар нарт олимпийн наадамд оролцох эрхийн гэрчилгээ, соёмбын дүрс бүхий дурсгалын цом гардуулав.  

Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном хариу үг хэлэхдээ “Олимпийн наадамд оролцох багийн ахлагч бидний бэлтгэл сургуулилттай биечлэн танилцаж байгаад баяртай байна. Бэлтгэл сургуулилт хэвийн явагдаж байна. Саяхан Болгар улсад өндөр ууланд 21 хоногийн бэлтгэл дуусгаад ирлээ. Одоо хүүхдийн “Найрамдал” төвд бүтэн сарын бэлтгэл гараад наймдугаар сарын 1-нд Болгарт очиж мөн өндөр ууланд 5 хоногийн хамтарсан бэлтгэл хийгээд Английг зорино. Манай бөхчүүд, дасгалжуулагчид ногдож байгаа хариуцлагыг гүнээ ухамсарлаж байна. Бид медаль авахын төлөө хичээх болно” хэмээв.

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж