Берлинд үндэсний баяр наадмыг тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2012.06.26-нд нийтлэгдсэн

Берлинд үндэсний баяр наадмыг тэмдэглэв

Их Монгол Улс байгуулагдсаны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадорж 6 дугаар сарын 25-ны Даваа гарагт Берлин хотноо хүлээн авалт зохион байгуулав.

Баяр ёслолын энэхүү арга хэмжээнд Бундестагийн дэд Ерөнхийлөгч Э.Освальд, Бундестагийн Герман-Монголын парламентын бүлгэмийн дарга хат.Д.Энкелманн, Бундестагийн гишүүн К.Рюк, У.Кумпф, Холбооны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны парламентийн ТНБД Р.Брауксийпе, Холбооны ГХЯ-ны Улс төрийн газрын Ерөнхий захирал фон Гөтце, германы яамд, агентлаг, хувийн хэвшил, Берлин дэх дипломат корпусын төлөөлөл, мөн Монгол Улсын БХЯ-ны ТНБД Ц.Тогоо тэргүүтэй төлөөлөгчид зэрэг 150 гаруй хүн оролцов.

Хүлээн авалтыг нээж Элчин сайд Б.Даваадорж үг хэлсны дараа Бундестагийн дэд Ерөнхийлөгч Э.Освальд зочдод хандаж үг хэлэв.

Өнгөрсөн 1 жилийн хугацаанд хоёр талын харилцааны хүрээнд олон арга хэмжээ хэрэгжиж, монгол, германы хамтын ажиллагаа салбар бүрт өргөжин гүнзгийрсэн бөгөөд хоёр чухал айлчлал буюу Холбооны канцлер А.Меркелийн Монгол Улсад 2011 оны 10 дугаар сард хийсэн айлчлал, мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ оны 3 дугаар сард ХБНГУ-д хийсэн төрийн айлчлал амжилттай хэрэгжсэн талаар Элчин сайд Б.Даваадорж хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.

Бундестагийн дэд Ерөнхийлөгч Э.Освальд Их Монгол Улс байгуулагдсаны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойг тэмдэглэж байгаатай холбогдуулан чин сэтгэлийн баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж ирсэн, мөн түүнчлэн өндөр, дээд түвшний айлчлалын давтамж тогтмолжиж, хамтын ажиллагаа төрөл бүрийн чиглэлээр тодорхой агуулгаар баяжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд монголчуудад баяр хүргэж, сайн сайхны ерөөлийг өргөн дэвшүүлэв.

Хүлээн авалтын үеэр монголын тухай гэрэл зураг болон уран зургийн үзэсгэлэн гаргав.

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ

2012 оны 6 дугаар сарын 25

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж