Оюутолгой санал өгөх асуудлаар тайлбар гаргав

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

Оюутолгой санал өгөх асуудлаар тайлбар гаргав

“Оюутолгой” компанид ажиллаж буй ажилчид сонгуульд саналаа өгч чадахгүй байгаа талаар гомдол ирж байгаа. Энэ талаар “Оюутолгой” компаниас тодруулахад, “Албан тайлбар гаргасан. Түүгээрээ уг мэдээлэлд хариу өгнө” гэлээ.

Уг тайлбарт, “Улаанбаатар хот болон Даланзадгад суманд ажилладаг Оюутолгойн албан хаагчид Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн дагуу 2012 оны 6 дугаар сарын 28-ны өдөр амарч байгаа. Мөн хуулийн дагуу төслийн талбай дээр ээлжийн хуваарийн дагуу ажиллаж буй бүх ажилчдад тавдугаар дугаар сарын 11 болон 28-ны өдрүүдэд тус тус мэдэгдэл хүргүүлж, Өмнөговь аймаг руу сонгуулийн шилжүүлгээ хуульд заасан хугацаанд хийлгэхийг анхааруулсан. Үүний дагуу хаягийн шилжүүлэг хийлгэсэн ажилчин байхгүй байна. Ханбогд болон Манлай сумдад саналаа өгөх бүртгэлтэй ажилчдын тээврийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Сонгуулийн санал хураалтанд оролцохоор явж буй ажилчдад ажлаас нь цалинтай чөлөө олгосон. Үүний зэрэгцээ, Ханбогд суманд саналаа өгөх бүртгэлтэй ажилчид сонгуульд саналаа өгөхөд нь дэмжлэг үзүүлж ажлын цагийн хуваарийн зохицуулалт (ажил эхлэх цагийг хойшлуулах болон ажил тарах цагийг урагшлуулах) хийгдсэн. Бусад аймаг хотоос ажиллаж буй Монгол ажилчдад хэрвээ хүсвэл өөрийн аймаг хот руу буцаж сонгуулийн санал хураалтанд оролцох боломжийг олгосон. Оюутолгой төслийн талбарт өнөөдөр ажил үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд энэ өдөр ажиллахаар сонгосон хүмүүст хөдөлмөрийн хөлсийг хоёр дахин нэмэгдүүлж бодож олгоно.  Монгол орны өнцөг булан бүрээс ирж ажиллаж буй манай ажилчид болон гэрээт компанийн ажиллагсад өөрсдийн сайн дурын үндсэн дээр төслийн талбарт үлдэж ажиллах шийдвэр гарган ажлаа үргэлжлүүлэн хийж байна” гэжээ.

Мөн тус албан мэдээлэлд, “Оюу Толгой төслийн үйл ажиллагаа 24 цагаар тасралтгүй явагддаг учир барилга бүтээн байгуулалтын эрчимтэй энэ цаг үед 3000 гаруй ажилчид өнөөдөр ажиллах хуваарьтай байсан” хэмээн тайлбарлажээ.

Б.ЭНЭР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж