”Жилд 4200 хүн сүрьеэгээр өвчилдөг”

Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

”Жилд 4200 хүн сүрьеэгээр өвчилдөг”

Сүүлийн үед сүрьеэ өвчний тархалт нэмэгдсэн. Энэ долоо хоногт л гэхэд ХӨСҮТ-ийн сүрьеэгийн тандалт судалгааны албанд нийт 80 хүн хандсанаас сүрьеэгийн шинэ 16 тохиолдол оношлогдож, хяналтанд оржээ. Сүрьеэ өвчний тархалт их байгаа талаар тус албаны дарга О.Батбаяртай ярилцлаа.

-Сүрьеэ өвчний тархалт ихэссэн гэсэн. Энэ нь юутай холбоотой вэ?

-Манай улс сүрьеэ өвчний тархалт ихтэй оронд ордог. Хамгийн энгийн жишээ хэлэхэд,  2.7 сая хүнтэй Монгол Улсад жилд 4200 хүн өвддөг бол 270 сая хүн амтай АНУ-д 12 мянган хүн өвчилдөг байна. 2006 онтой харьцуулахад өвчлөлийн тоо буурах хандлагатай байгаа ч өвчлөлийн чанарт өөрчлөлт гарсан. Энэ нь  олон эмэнд тэсвэртэй  сүрьеэгийн (ОЭТС ) халдвар улам ихэсч байгаатай холбоотой. ОЭТС-ээр өвчлөх хоёр арга зам байдаг. Эхнийх нь эмчилгээ таслах, эм буруу хэрэглэсэнтэй холбоотой үүсдэг. Нөгөөх нь ОЭТС-ээр өвчилсөн хүнээс шууд халдвар авах явдал юм. Саяхныг болтол эхний хэлбэрийн сүрьеэ давамгайлах болсон. Өөрөөр хэлбэл, өвчилсөн хүний ар гэр, ойр дотныхон нь болон хамт ажилладаг хүмүүс нь халдвар аваад байна. Мөн 15-аас доош насны хүүхдүүд, ялангуяа  эцэг эхээсээ халдвар авсан тохиолдол олон гарсан. Он гараад ОЭТС-тэй жирэмсэн хүмүүсийн тохиолдол олон бүртгэгдлээ. Сүрьеэгийн халдвар олшроод байгаа бас  нэг шалтгаан нь манай хөрш хоёр оронд өвчин элбэг байгаатай холбоотой. БНХАУ-д ОЭТС-ээр 2.5 сая хүн халдварласан байдаг.  Энэ өвчнөөр өвчлөхөд   ядуурал, ажилгүйдэл, шилжилт хөдөлгөөн зэрэг  хүчин зүйл нөлөөлдөг. Шилжилт хөдөлгөөний улмаас шинэ орчин, өөр хүмүүс гээд иргэдэд сэтгэл санааны хувьд стресс бий болгохуйц нөхцөлүүд нь сүрьеэгийн халдвар авсан хүмүүсийн дархлалын системийг бууруулж өвчлөхөд нөлөөлдөг. Тус улсын хүн амын 30 хувь нь сүрьеэгийн халдвар авсан гэсэн үг.

-Сүрьеэ өвчинтэй тэм­цэх ажлыг яаж зохион байгуулдаг юм?

-Долоо хоног бүр бид олон эмэнд тэсвэртэй  сүрьеэ өвчний улсын зөвлөгөөнийг зохиодог. Үүгээр долоо хоног бүр 20 орчим хүний асуудлыг шийдвэрлэдэг юм. Үүний таваас зургаа нь эмчилгээгээ тасалж, орхисон хүмүүс байдаг. Дийлэнх нь архичид. Зарим нь  бөө болно гээд явдаг. Бидний тооцоогоор ОЭТС-ээр өвчилсөн бөө 20 гаруй байна. Эдгээр хүмүүс дээр очиж үйлчилгээ авч байгаа хүмүүс сүрьеэгээр өвчлөх эрсдэлтэй.  Ардчилсан орнуудад ч ОЭТС болон халдвартай хэлбэрийн энгийн сүрьеэгээр өвчилсөн хүмүүс эмчилгээнээсээ татгалзсан тохиолдолд албадан тусгаарлаж нийгэмд учруулах хор хохирлоос нь сэргийлдэг. Эмчилгээгээ тасалсан хүмүүс нийгэмд халдвар тарааж байна.

-Сүрьеэгийн өвчлөлийг бууруулахад тулгамдаж буй асуудал юу байна вэ?

-Гол асуудал нь хүний нөөц байдаг. Сүрьеэгийн салбарт ажиллаж буй эмч, сувилагч, лаборант бусад ажилчдын нийг­мийн болон халдвар хамгааллын асуудлыг цогц шийдвэрлэх шаардлагатай байгаа. Харамсалтай нь аль ч салбарт,  халдвараар өвчилсөн иргэд, тэр байтугай сүрьеэтэй тэмцэж, тархалтыг зогсоох эмч, мэргэжилтнүүдийг ч тэр бүр  ойлгож дэмждэггүй. Харин ч ялгаварлан гадуурхах тохиолдол гардаг.  ХӨСҮТ-д олон эмэнд дасалтай сүрьеэгийн ердөө 60 ор, хүүхдийн, мэс заслын тус бүр 30 ор, эмэнд мэдрэг сүрьеэгийн 60 ор байдаг. Энэ нөхцөлд Улаанбаатарын 1.2 сая иргэн, мөн хөдөө орон нутгаас ирж үйлчлүүлэхэд ачаалал маш ихээр үүсдэг. Сүрьеэ хожуу оношлогддог тул хэвтэж эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийн тоо олон байна. Жишээлбэл,  Сүхбаатар дүүр­гийн Дамбадаржаад амьдардаг хүн өдөр бүр сүрьеэгийн эмээ уух гэж 100 айлд байгаа дүүргийнхээ амбулаторийг зорих тун хүндрэлтэй. Улаанбаатарын захын дүүргүүдийн гэр хороо­лол дунд сүрьеэгийн үзлэг оношлогооны төвүүдийг  нэмж байгуулах замаар төвлөрлийг бууруулан иргэдийг энэ өвчний урьдчилсан үзлэгт идэвхтэй тогтмол хамруулах талаар анхаарч ажиллах хэрэгтэй. Нийслэлчүүдийг хотын гудамжинд нус цэрээ хаядаггүй, олон нийтийн газар амны хаалттай ханиаж найтаах соёлд хэвшүүлэх нь нэн тэргүүний асуудал юм.

-Өвчлөгсдийн хувьд хэдээс хэдэн насны, нийгмийн аль хэсгийн хүмүүс байна вэ?

-Сүрьеэ өвчнөөр зөвхөн нийгмийн эмзэг бүлгийнхэн гэлтгүй аль ч давхрагынхан өвчилж байна. Насны хувьд нийт өвчлөгсдийн 70 орчим хувь нь 35-аас доош  насны залуучууд. Монголд ДОХ-ын вирусээр өвчилсөн 104 хүний 17 нь сүрьеэгийн халдвартай.

-Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн үед ямар эмчилгээ хийдэг вэ?

-Энгийн сүрьеэгээр өвдсөн хүн нийт зургаан сар эмчилгээ хийлгэдэг бол ОЭТС-ээр өвчил­сөн тохиолдолд 24 сарын турш тасралтгүй эмчилгээ хийх шаардлагатай. Аль аль нь дархлал буурах, ядрах, жирэмслэх гэх мэт шалтгаанаар дахих боломжтой. Сүрьеэгээр өвчилсөн хүмүүст нийгмийн халамж ихээхэн шаардлагатай нь харагддаг. Учир нь үнэ төлбөргүй эмчилгээ авч байгаа боловч ядуурал, хоол тэжээлийн дутагдал байсаар байгаа нь эмчилгээг үр дүнгүй болгох, улмаар эмэнд дасалтай болоход нөлөөлж байна. ОЭТС-ээр өвчилсөн хүмүүсийг 24 сарын эмчилгээгээ дуусгаагүй байхад группээс нь хасчихдаг. Ингэснээр тэр хүмүүс ажил хийж эмчилгээ нь үр дүнгүй болох тохиолдол олон гардаг.   Бид долдугаар сарын 1-нээс үйлчлэх Нийгмийн халамжийн хуульд энэ асуудлыг тусгай журмаар зохицуулан оруулахаар ЭМЯ холбогдох хүмүүс­тэй хамтран ажиллаж байна.

-Энэ өвчнөөр өвчилсөн гэдгээ яаж мэдэх вэ?

-Олон хоног ханиалгаж, маш ихээр турж байгаа иргэд яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй. Өөр зовиур бол маш бага илэрнэ. Сүрьеэгийн савханцар маш удаан хуваагддаг учраас өнөөг хүртэл оршин тогтносоор байна. Мөн тухайн хүнд эргээд маш түргэн хугацаанд эдгэрч байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Гэвч энэ нь эмэнд дасалтай сүрьеэ үүсгэх эхлэл болдог.

-Ер нь манай улсад сүрьеэ өвчний эмчилгээг хэр сайн хийж чаддаг вэ?

-Бид сүрьеэгээр өвчилсөн иргэдийг ДЭМБ-аас баталгааж­сан, олон улсын эрүүл мэндийн стандартад нийцэхүйц эмээр үнэ төлбөргүй эмчилдэг. Харам­салтай нь иргэд цаг хожих үүднээс ч юм уу, дотоодын хувийн эмнэлгүүд, эсвэл БНХАУ руу очиж эмчлүүлдэг. Үүний үр дүнд чанаргүй, буруу эмчилгээ хийлгэснээр өвчнөө хүндрүүлж ирэх тохиолдол маш олон гардаг.

Н.НОМИН-ЭРДЭНЭ

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж