Халамж бас дахин халамж

Хуучирсан мэдээ: 2012.07.06-нд нийтлэгдсэн

Халамж бас дахин халамж

Ашгүй нэг, өнгөрсөн зургадугаар сараас Монголын төрийн хавтгайрсан халамжууд цэгцлэгдэх нь гэтэл бас үгүй бололтой юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд монголчууд 800 тэрбум төгрөгөөр найрлажээ. Уг нь энэ мөнгөөр гарт баригдаж нүдэнд харагдах юм босгочихсон бол аштай юу даа.  Гэхдээ сар бүхэн өгдөг байсан 21 мянган төгрөгийг энэ сараас олгож эхлэхгүй гэхээр дээрх мөнгөөр амьдралаа залгуулж байсан цөөнгүй өрхөд хүндхэн цохилт болох нь тодорхой. Ялангуяа өрх толгойлсон эмэгтэйчүүд, өнчин ядууст энэ мөнгийг өгчихөөсөй дөө гэх үзэлтэй хүмүүс ч бас  байгаа л байх. Гэхдээ халамжийг ямар хэлбэрээр, хэнд өгөх вэ гэдэг л хамгийн чухал шийдвэр юм. Ажил хийх боломжтой, эрүүл саруул хэрнээ эмзэг бүлгийн гэх тодотголтой бүхэнд халамж өгөөд байх нь ингэхэд хэр зөв үйлдэл бол. Хүнд бэлэн загас өгснөөс загас барих аргыг нь зааж өг гэдэг биз дээ.

Монгол Улсын Засгийн газар иргэдээ дахиад л бэлэн мөнгөөр угжихаар шийдэв үү гэлтэй өн­гөрсөн лхагва гаригийн хурал­даанаараа нийгмийн халам­жийн дэмжлэг, туслалцаа зайлш­гүй шаардлагатай өр­хөд тэтгэмж үзүүлэхээр бол­лоо. Баян, ядуугүй, баруун солгойгүй сар бүхэн бэлэн мөнгө их хэмжээгээр тарааж байснаас тодорхой бүлгийн төрийн халамж хайр хэрэгтэй хүмүүсийг төр анхаарах нь зөвхөн Монголд ч бус аль ч улс оронд байдаг л үзэгдэл.  

Тэр тусмаа эмзэг бүлгийн өрхийн хүүхдүүдийг хөсөр хаяхгүй байх нь төрийн нэг үүрэг. Засгийн газрын шийдвэрээр өрхийн 18 хүртэлх насны хүүхдэд сар бүр 15 мянга, 18 ба түүнээс дээш насны гишүүнд сар бүр 10 мянган төгрөгийн тэтгэмж олгож байхаар тогтжээ.  Энэ тэтгэмжид 80 мянган өрх хамрагдахаар болсон байна.  Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн 18 хүртэлх насны хүүхдэд сар бүр 15 мянга төгрөг олгох нь зөв.  Хүүхдэд мөнгө өглөө гэхээр уурлаж, дургүйцэх, бухимдаж зэмлэх хүн гарахгүй биз. Хэдийгээр төрөөс өгч байгаа сар бүхний 15 мянган төгрөг хахаж цадтал идэх хэмжээний хоолны мөнгө болж чадахгүй ч гэлээ эмзэг бүлгийн өрхөд тодорхой хэмжээгээр дэмжлэг  болох л байх.  Харин 18 бас түүнээс дээш насны ажилгүй, архичин, амаа ангайсан залхуу нөхдийг сар бүр 10 мянгаар угжих нь үнэндээ тийм ч оновчтой шийдэл болж чадахгүй л болов уу. Учир нь сүүлийн жилүүдэд монголчууд ажил хийх дургүй болж монгол хүний бүтээмж суларч, ажилгүйдэл ихсэхийн хэрээр ажлын байрны эзэнгүйдэл ч нэмэгдсэн билээ.

Халамжийн асуудал ч үгээр дуусахгүй байх магадлал өндөр байна. Улстөрчдийн сонгуулиас өмнө иргэдээс нэмэх оноо цуглуулахаар гурваас дээш хүүхдэдээ ээжүүдэд сар бүхэн цалин өгөх санал гаргаад байгаа. Цаашлаад ихэр хүүхэд төрүүлж, эсэн мэнд өсгөж байгаа өрх, иргэнд олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг дөрөв хүртэл насны  хоёр ихэр бол хүүхэд бүрт  нэг сая, гурав ба түүнээс дээш ихэр бол хүүхэд тус бүрт таван  сая төгрөг өгөхөөр Засгийн газар өнгөрсөн тавдугаар сард шийдвэрлэж, үүнийг энэ долдугаар сараас дагаж мөрдөхөөр болсон байгаа.

Ямар сайндаа л сар бүхэн арилжааны банкны гадаа өглөө эртээ гэгч дугаарлаж байгаад мөнгөө авдаг хүмүүсээс барилгын туслах ажилтнаар өдрийн 25 мянган төгрөгөөр ажиллах уу  гэхээр за гэх хүн олдохгүй байна гэх вэ дээ. Сар бүр хамарт ч үгүй аманд ч үгүй халамжийн 10 мянган төгрөг горьдож байхаар ажил хийж мөнгө олбол амьдрал ахуй нь уг нь дээшлэх баймаар.  Сүүлийн үед эдийн засагчид байнга л бүтээмжийн тухай ярих болсон. Монгол хүн хэдий чинээ бэлэн зэлэн юманд дуртай болно тэр хэрээр улс орны эдийн засагт бүтээмж суларна гэж СЭЗДС-ийн захирал Д.Батжаргал нэгэнтээ ярьж байсан удаатай. 

Бүтээмжийн өсөлт өсөлт нь ард түмний амьдралыг дээшлүүлдэг, эдийн засгийн өсөлтийг бий болгодог. Ард түмний бараа бүтээгдэхүүн худалдан авах чадвар дээшилж, боловсрол нийгэм, байгаль орчны салбарт үр өгөөжөө өгдөг аж. Харамсалтай нь Монголд монгол хүний бүтээмжийн өсөлт үнэхээр хангалтай сулхан байгаа. Бүтээмж бол урт хугацааны туршид өсөлтийг хангадаг утгаараа эдийн засгийн цөм юм байна. Аливаа улс гүрний ард түмнийхээ аж амьдралыг түвшинг дээшлүүлэх нэг чадвар нь ажилтан нэг бүрийн ажлын бүтээмжийн дээшлүүлж чадахаас хамаардаг болохоос бэлэн загас өгснөөр ард түмний амьдрал сайжирдаггүй аж.  Монгол Улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 17 хувьтай гарсан ч энэ нь нүүрсний экспортоос орж ирсэн ашиг гэх.  Харин мал аж ахуй, газар тариалан, барилгын салбарын эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмэр бага байгааг хөрөнгө материал, хөдөлмөр хүчийг үр ашиг багатай, өөрөөр хэлбэл хөдөлмөрийн бүтээмж тааруу байсан гэж Монголын бүтээмжийн төвөөс дүгнэж байгаа аж. Хэтэрхий тэгш бус хуваарилалттай нийгмийн өсөлт тогтворгүй байдаг гэдэг нь нэгэнт нотлогдсон бөгөөд бүтээмж сайтай, бүхнийг хамарсан хөдөлмөр эрхлэлтийн зорилгыг эдийн засгийн өсөлттэй хэрхэн нийцүүлэх асуудал бодлого боловсруулагчдын өмнө тулгараад байгааг ч тус төвийн судлаачид шүүмжилж байна лээ. Өөрөөр хэлбэл, халамж бас дахин халамж гээд байх юм бол монгол хүний бүтээмж хэзээ ч өсөхгүй, бүтээмжгүй иргэд олшрох тусам ядуурал улам өсөх нь дамжиггүй. Тэгэхээр халамж ярихыг хүсвэл Монгол Улсын хөгжлийн тухай мөрөөдөх хэрэггүй байх. Бүтээмж­гүй иргэдтэй улсад юун хөгжил байх билээ.

Ж.ЭРХЭС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж