Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах боломж байна

Хуучирсан мэдээ: 2012.07.06-нд нийтлэгдсэн

Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах боломж байна

“Сэргээгдэх эрчим хүчийг монголд нэвтрүүлэх бүрэн бололцоо бий. Уул уурхайгаас орж ирж байгаа мөнгийг үүнд зарцуулбал үр дүнгээ хурдан өгөх болно. Гагцхүү төрийн бодлого хэрэгтэй” гэж АНУ-ын CRS эрчим хүчний үйлдвэрийн, хуульч Робин Коарийр ярьж байна. Энэ бол өчигдөр “Сэргээгдэх эрчим хүч-Нар болон салхины эрчим хүч бидний ирээдүйд хэрхэн нөлөөлөх вэ” нэртэй уулзалт ярилцлагын үеэр энэ тухай ярьсан юм. Ерөөс энэ уулзалтаар сэргээгдэх эрчим хүчний ирээдүйн тухай, монголын нөхцөлд хэрхэн зохицох тухай өдрийн турш ярилцсан билээ.

Сэргээгдэх эрчим Монголд хэрэгтэй юу?

Хэрэгтэй. Тийм ч учраас одоогоос хэдэн жилийн өмнө Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийг байгуулж агентлагын хэмжээнд бодлогоор зохицуулж, багагүй сум суурин газар энэ ажлыг эхлүүлж байна. Одоохондоо зөвхөн эхлэл төдий байгаа болохоор томоохон үр дүнд хараахан хүрээгүй. Гэхдээ энэ богинохон хугацаанд Тайширын усан цахилгаан станц, Дорноговь аймгийн Мандах сумын нутагт байх 200 кВт-ын нар, салхи хосолсон цахилгаан станцаар тэргүүлүүлсэн 13 бага болон дунд оврын салхи бол нарны цахилгаан станцуудыг барьж, байгуулаад байна. “Сэргээгдэх эрчим хүчийг үнэхээр сонгох гээд бодлогоо боловсруулж эхэлж байвал нэн түрүүнд нарийн судалгаа гаргаж, хүрэх зорилгоо тодорхойлон, цогц бодлого боловсруулбал зохион байгуулалттай байх болов уу. Мөн нэн тэргүүнд бусад улсын туршлагыг нарын судлах шаардлагатай” гэж Робин Коарийр ярьсан юм.

Сэргээгдэх эрчим хүчний гурван төрөл болох нар, салхи, усан цахилгаан станцыг монголд суурилуулах бүрэн бололцоотой ажээ. Учир нь жилийн 365 хоногийн 360 хоног нь нартай, мөн салхины хүч төв азийн өндөрлөгт оршидог, мөн хүчтэй урсгал бүхий хэд, хэдэн усны хагалбартай учраас сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэх боломж өндөр ажээ. “Энэ талын судалгааг танай улсын төлөөлөлтэй хамтраад хийсэн байгаа. Мөн өмнө нь хийж байсан судалгаа ч байдаг. Тиймээс судалгаа хангалттай байгаа гэж ойлгож байгаа” гэж Робин Коарийр ярив.

Монгол Улсын хувьд 1989 оноос сэргээгдэх хүчний шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлийг албан ёсоор байгуулж, энэ төрлийн судалгааг хийж эхэлжээ. Харин 2005 оноос “10000 нарны гэр” төсөл нэгдэж илүү өргөн бүтэц, бүрэлдэхүүнтэй болсон байна. 2005 оноос хойш энэхүү төслийн хүрээнд 3000 гаруй нары цахилгаан үүсгүүр малчдын хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн бөгөөд 30 гаруй радио релейны дахин дамжуулах станц 230 орчим холбооны салбар, 30 гаруй эмнэлэг, сургууль зэрэгт нарны зайн үүсгүүр нийлүүлээд байгаа ажээ.

Хэрхэн ашиглагдаж байгаа вэ?

Одоохондоо зөвхөн ахуйн хэрэгцээний цахилгааныг үйлдвэрлэж байна. Харин томоохон үйлдвэр, аж ахуйн газруудыг цахилгаанаар хангах хэмжээний сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрүүд алга. “Хүмүүс сэргээгдэх эрчим хүчний станцууд үйлдвэр, аж ахуйн газрыг цахилгаанаар хангаж чадах уу гэж ихэвчлэн асуудаг. Уг нь ийм хэмжээний станцууд үйлдвэрийн газруудыг хангалттай хэмжээний цахилгаанаар хангаж чаддаг. АНУ-ын Аризона муж улс л гэхэд ийм төрлийн цахилгаанаар бүрэн хангадаг болох хүртэл гуравхан жил үлдээд байгаа. Тиймээс танайд ч гэсэн боломж бүрэн бий” гэж Робин Кроарийн ярьж байна. Одоохондоо хот суурин газруудад бүрэн нэвтрээгүй байгаа ч хөдөө, орон нутгийн малчид өдөр тутмын хэрэгцээндээ үүнийг ашиглаж байгааг мэргэжилтнүүд нь хэлж байсан юм.

Дэлхийд ямар байгаа вэ?

Дэлхийн дулаарал, газрын тосны үнийн өсөлт зэрэг нь сүүлийн үед сэргээгдэх эрчим хүчний талаар далайцтай судалгаа явуулах, судалгаан ихээхэн хөрөнгө оруулах, үйлдвэрлэх, хэрэглэх үндсэн шалтгаан болж байгаа аж. Энэ чиглэлд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 2005 онд 80 тэрбум байсан бол 2006 онд 100 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн байна.

Салхины эрчим хүчний ашиглалт жилд 30 хувиар нэмэгдэж, түүнээс гарган авч буй эрчим хүч 100 кВт болсон байна. Салхины эрчим хүчийг Европийн орнууд болон АНУ-д өргөнөөр ашигладаг ажээ. Нарны эрчим хүчний үйлдвэрлэл 2006 оны байдлаар 2,000 МВт-аас давж гарсан ба Герман ба Испанид хамгийн түгээмэл ашиглагддаг байна. Харин нарны цахилгаан станцыг АНУ, Испанид өргөнөөр ашиглаж байгаа бөгөөд хамгийн том нь АНУ-ын Калифорнийн Можави цөл дэх станц юм. Уг станцын хүчин чадал нь 354 МВт ажээ. Мөн хөгжлөөрөө бусад улсаас хоцрогдсон гэдэг Кени улс хүртэл сэргээгдэх эрчим хүчний бага, дунд оврын станцуудыг байршуулсан улс болсон байна. Энэ улсад одоогийн байдлаар 30 мянга орчим нарны үүсгүүр ашигладаг ажээ.

“Сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэл хамгийн чухал нөлөөтэй. Зөв чиглэлээр явж байгаа энэ үед хувийн хэвшлийн компаниудыг төрөөс дэмжих хэрэгтэй” гэж Робин Коарийр ярьж байна.

Ийнхүү сэргээгдэх эрчим хүчийг Монголд нэвтрүүлэх боломжийн талаар нэг өдрийн турш зөвлөлдлөө. Харин ирээдүйд хэрхэн нэвтрүүлэхийг тухайн мэргэжилтнүүд л шийдэх хэрэгтэй болж.

Б.БОЛОРСҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж