Иран пуужингаараа Америкийг сүрдүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.07.07-нд нийтлэгдсэн

Иран пуужингаараа Америкийг сүрдүүллээ

Вашингтон Тегеранд довтолбол Ойрхи Дорнодод буй АНУ-ын цэргийн баазуудыг устгана хэмээн Ираны эрх баригчид мэдэгдэв. Ираны баллистик пуужингуудын тусгалын хүрээнд Америкийн цэргийн 35 бааз байрлаж байгааг Тегеран анхааруулсан байна. Ираны Агаар сансрын цэргийн хүчний командлагч Амир Али Хажизаде мөн Израйльд цэргийн цохилт өгнө гэдгээ мэдэгдээд “Манай улсад довтолсон даруйд бид хэдхэн минутын дотор хариу цохилт өгч чадна” гэжээ. Түүний хэлснээр, Ираны зэвсэглэлд буй хамгийн сүүлийн үеийн пуужингууд нь 2000 километр хүртэлх зайд буй байг устгаж чадна гэнэ.

Сүүлийн хэд хоногт явуулж буй цэргийн сургуульдаа Иран 1300,800,500,300 километрт тусах чадалтай пуужингуудаа ашиглаж байгаа бөгөөд энэ нь 200 километрийн холд буюу Бахрейнд байрлаж буй АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний тавдугаар флотын баазад цохилт өгөх бүрэн боломжтой юм. Английн "The Daily Telegraph” сонинд бичсэнийг үзвэл, үүнээс 10 дахин хол тусах чадвартай “Шахаб-3” пуужин Ираны зэвсэглэлд бий, энэ нь Израиль, Өмнөд Европт хүрч чадна гэсэн үг юм.

Б.АМГАЛАН

“ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж