Барилгын компаниуд мөнгөний гачаалд орсон уу?

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

Барилгын компаниуд мөнгөний гачаалд орсон уу?

Барилгын салбарт багагүй асуудал үүсээд байгаа бололтой. Зарим компаниуд мөнгө байхгүйгээс барилга угсралтын ажлаа зогсоож, мөнгөний эрэлд хатаад байгаа гэх яриа байна. Иргэдийн эрэлт, хэрэгцээн дээр дөрөөлж барилгын салбарт замбараагүй үнийн хөөрөгдөл үүсгэсэн барилгын компаниуд хямралд орчихоод байгаа нь ингэхэд юунаас болсон бэ.

Сүүлийн хоёр гуравхан жилийн хугацаанд огцомхон өссөн орон сууцны үнийг хэтэрхий хөөсрөлтэй байгаа, хэзээ нэгэн цагт энэ хөөс хагарвал, барилгын салбарт хямрал нүүрлэж магадгүй гэдэг анхааруулгыг эдийн засагчдын зүгээс байнга анхааруулсаар ирсэн ч барилгын компаниуд ашиг ашиг гэдэг үзлийг л баримталсаар ирсэн юм. Энэ шунал нь өдгөө барилгын компаниудыг эдийн замгийн хямралд оруулаад байгаа юм байна.

2008-2009 онд дэлхийд нүүрлэсэн эдийн засгийн хямралд Монголын барилгын салбарт өртөж, цөөнгүй компани арилжааны банкинд тавьсан өрөө төлж чадахгүй, угсарч эхэлсэн барилгаа дуусгаж чадахгүй хүнд байдалд орж байсан юм. Тиймээс Засгийн газар барилгын салбарыг бодлогоор дэмжиж, төрийн албан хаагчдад зориулсан “40000 айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлсний хүчинд барилгын салбарынхан хямралыг хохирол багатай давсан. Харамсалтай нь, тэд өнгөрсөн хугацаанд өмнөх гашуун явдлаа санахааргүй болтлоо эдийн засгийн эерэг үзүүлэлт, иргэдийн мөрөөдөл, эрэлт хэрэгцээн дээр өөрсдийнхөө халаасыг хүссэнээрээ зузаатгаж чадсан нь худлаа биш. Засгийн газраас хэрэгжүүлж буй “100 мянган айлын орон сууц”, зургаан хувийн хүүтэй зээлийн сургаар барилгынхан орон сууцныхаа үнийг огцом өсгөснийхөө горыг одоо л амсч эхлээд байгаа бололтой.

Өнгөрсөн хавар Засгийн газраас жилийн зургаан хувийн хүүтэй зээл гаргангуут, иргэдийн хэрэгцээ ихсэч, энэ хэрээр барилгынхан орон сууцныхаа үнийг метр квадрат тутамдаа 200-300 төгрөгөөр нэмж орхисон. Ямар сайндаа л бага, дунд орлоготой иргэд яаж  метр квадрат нь 2200000-аар үнэлэгдэж байгаа байрыг худалдаж авч хүчрэх юм бэ гэсэн шүүмжлэл ч тухайн үед гарч байсан билээ.

Нэг үеэ бодоход байрны үнэ тогтворжжээ. Байнгын баяртайгаар өсч байсан байрны үнэ ийнхүү тогтворжих болсон шалтгаан нь барилгын компаниуд иргэдээ бодсондоо үнийг өсгөхгүй байгаа юм биш аж. Үнэндээ иргэдийн эрэлт буурч, энэ хэрээр барилгын салбарт худалдан авалт багассан нь ийнхүү барилгынхныг үнийг тогтвортой байх шалтгаан нь болчихоод байгаа гэнэ. Монголчууд өнөөдөр орон сууц мөрөөдөхөө больсон уу гэвэл үгүй. Мянга, мянган өрх орчин үеийн орон сууцанд амьдрахын мөрөөсөл болчихоод байгаа ч тэдэнд барилгын компаниудын санал болгоод байгаа үнийг дийлж хүчрэх бэл бэнчин байхгүйгээс ийнхүү иргэдийн эрэлт буурч. Дээрээс инфляцийн инерцийг хязгаарлах үүднээс Монголбанк он гарсаар бодлогын хүүгээ хоёр удаа нэмсэн нь арилжааны банкны зээлинй хүүг өсгөсөн иргэдийн зээл авалтыг хумиж энэ нь ч барилгын салбарт сөргөөр нөлөөлөх болсон аж. Хэтэрхий их ашгийн хойноос хөөцөлдсөн барилгын салбарынхан уг нь эртнээс энэ байдалдаа анхаарал тавьж, хөөстэй үнээ бууруулах, тогтворжуулах тал дээр ажилласан бол арай ч ийм хямралд хүрэхгүй байх бололцоо байсныг ч мэргэжилтнүүд ярьж байна.  Барилгын салбарт үнийн хөөс нүүрлээд байгааг салбарын яам нь хүртэл бодит тооцоогоор илрүүлсэн шүү дээ. Тухайлбал, орон сууцны нэг метр квадрат нь нэг сая 199 мянган төгрөг байхад л барилгын салбарынхан  ажлын хөлс, барилгын материалын үнэ, өөр бусад зардлаа хасаад 29 хувийн цэвэр ашиг олж болох боломжтой гэсэн судалгааг салбарын яамнаас гаргасан бий.  Үнэ гэдэг тооцоо судалгаан дээр үндэслэж гаргадаг тоо болохоос дуртай үнийг зах зээлд тулгаад байвал хэрэглэгчээ алдаж, өөрсдөө эдийн засгийн хямралд орох цондон бус уу.

Байрны чинь үнэ хэтэрхий үнэтэй байна гээд байхад нүдэн балай чихэн дүлий явсан барилгын одоо ичихгүй, бид арилжааны банкны өрөнд орж, өтөнд баригдах нь ээ гээд Засгийн газраас мөнгө гуйхыг үгүйсгэж чадахгүй. Өнөөдөр мөнгөгүй, арилжааны банкинд асуудалтай болсон барилгын салбарынхныг тавлаж байгаа ч юм биш, гэхдээ хохь нь.  Тэдэнд анхааруулаагүй биш зөндөө анхааруулсан. Үнэндээ ч барилгын салбарын энэ удаагийн хямрлыг 2008-2009 онд тохиосон хямрал шиг амархан давчих асуудал биш гэдгийг ч өнөөдөр мэргэжилтнүүд хэлж байна. Энэхүү хямрал урт удаан хугацаанд үргэлжилж магадгүй  гэдгийг анхааруулж байгаа. Учир нь Монголын экспорт, импортын дийлэнхийг эзэлдэг, эдийн засгийн гол түнш болох Хятадын эдийн засаг удааралтай байгаа нь манай барилгын салбарт бүр ч том асуудал үүсгэж магадгүй гэнэ. Энэхүү хямралаас гарах хамгийн зөв шийдэл бол үнийг өсгөх бус бууруулах. Ингэснээр иргэдийн эрэлтийг нэмэгдэж, тэр хэрээр барилгын салбар аврагдах ганц боломж ч байж магадгүй гэдгийг эдийн засагчид зөвлөж байгааг анхааралдаа авахад буруудахгүй биз ээ.

Ж.ЭРХЭС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж