Серена, Федерер нар ээлжит түрүүгээ авлаа

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

Серена, Федерер нар ээлжит түрүүгээ авлаа

Талбайн теннисний оны гурав дахь “Их дуулга” болох “Уимбльдон” зургадугаар сарын 25-нд Английн Лондон хотноо эхэлж, өнгөрсөн амралтын өдрүүдэд аваргууд тодорлоо. Энэ жил 126 дахь удаагаа болсон тус тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрөлд Швейцарийн Рожер Федерер, эмэгтэй ганцаарчилсан төрөлд АНУ-ын Серена Уилльямс нар түрүүлжээ.

Эмэгтэйчүүдийн төрөлд шигшээ тоглолтод АНУ-ын нэрт теннисчин Серена Уилльямс болон Польшийн Агнешка Радванска нар шалгараад байсан. Ингээд Серена  6:1, 5:7, 6:2-аар өрсөлдөгчөө буулган авч, “Уимбльдон”-д тав удаагаа түрүүлсэн юм. Өдгөө дэлхийн чансааны гуравт эрэмбэлэгдэж буй польш бүсгүй шигшээд шалгарсан ч Серенаг барсангүй. Мөн эмэгтэйчүүдийн хосын төрөлд эгч, дүү Венус, Серена Уилльямс нар Чехийн Андреа Главачкова, Луциа Градецкая нарыг 7:5, 6:4-өөр буулган авч “Уимбльдон”-ы хосын тав дахь түрүүгээ хүртлээ. Нийт “Их дуулга”-ын 12 түрүүт, “Сидней -2000”, “Бээжин-2008” олимпийн хосын төрлийн аваргууд Лондонгийн олимпийн өмнө бэлтгэл сайтайгаа харууллаа.

Харин эрэгтэйчүүдийн шигшээ тоглолтод Швейцарийн Рожер Федерер (3), Их Британы Энди Муррей (4) нар шалгараад байсан. Дэлхийн чансааны хоёрт эрэмбэлэгдэж буй Испанийн Рафаэль Надаль хоёрдугаар тойргоос тэмцээнийг орхисон нь Эндид том боломж олгосон юм. Учир нь 1938 оноос хойш буюу 76 жилийн турш англи теннисчин шигшээд шалгараагүй байсан юм. Улмаар Энди дөрөвдүгээр тойргоос өнөө цагийн шилдгүүдийн нэг, Испанийн Дэвид Феррер (7) (7:6, 6:7, 6:7, 7:6), Францын Жо Уильфред Цонга (5) (6:3, 6:4, 3:6, 7:5) нарыг буулган авснаар шигшээд Рожертэй шалгарсан нь Их Британичуудын хүсэн хүлээсэн шигшээ тоглолтыг авчирсан юм. Гэсэн ч Энди шигшээ тоглолтод эхний сетийг 6:4-өөр авсан ч удаах гурван сэтэд Федерер 7:5, 6:3, 6:4-өөр илүүрхэж, “Уимбльдон”-ы долоо дахь цомоо хүртлээ. Харин Федерер “Уимбльдон”-д хамгийн олон удаа түрүүлээд байсан Уильяам Реншау, Пэти Самприс нарын амжилттай зэрэгцэж ирлээ.

“Уимбльдон”-ы энэ жилийн тэмцээний шагналын сан өсч, 16.06 сая фунт стерлингт хүрчээ. Ганцаарчилсан төрлийн аварга 1.150 сая фунт стерлинг хүртэж, чансааны 2000 оноо хүртэх билээ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж