Ираны цөмийн амбиц ба хар алтны зах зээл

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

Ираны цөмийн амбиц ба хар алтны зах зээл

Дэлхийн газрын тосны төлөв байдал зэрэглээн дунд сүүмэн сүүмэн байна. Ираны цөмийн гөжүүдэл хар алтны дэлхийн зах зээлд шинэ нөхцөл байдал авчирч мэдэх нь. Энэ нь юуны өмнө нефтийн үнэ ханшийн өсөлтөөр илэрч эхэлж байна. Он гарснаас хойш ихэнхдээ уналттай байсан газрын тосны үнэ өнгөрсөн долоо хоногооос эхлэн биржүүд дээр нэмэгдэж эхэллээ. Венесуэлийн нефть нэг баррель нь зургаан ам.доллараар өсөв. ОХУ-д эдүгээ баррель нь 90 орчим ам.доллар байгаа газрын тос энэ оны эцсээр 115 доллар болж өсөх төлөвтэй байгаа гэсэн тооцоог хийжээ.

Энэ сарын 1-нээс эхлэн Европын холбоо Ираны эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж эхэллээ. Өөрөөр хэлбэл Иранаас авдаг газрын тосны импортдоо хориг тавилаа. БНСУ, Кени гэхчлэн Ази, Африкийн орнууд мөн Европыг дагалдав. Сөүл өнгөрсөн жил гэхэд л Иранаас нийт хэрэгцээт нефтийнхээ 9.4 хувь буюу 87 сая баррель нефть импортолж байжээ.

Хэзээнээс Ираны нефтийн томоохон хэрэглэгч гэгддэг БНХАУ харин одоохондоо хоригийг дагаж мөрдөөгүй, Цагаан ордны шаардлагад тийм ч дуулгавартай хандахгүй байна. Ираны нефтийн экспортын 20 хувь нь дангаараа манай урд хөршид ногддог. Их гүрэн барагтай салхийг дагаж намирдаггүйн жишээ энэ болов уу. Харин АНУ дангаараа Хятадын эсрэг хориг арга хэмжээ авахгүй хэмээн мэдэгдээд байгаа юм. Ираны нефтийн Азийн хоёр дахь том импортлогч нь Япон. Арлын орныхон Америкийн хоригийн хариуд импортынхоо хэмжээг багасгаад байгаа.

Хэдийгээр АНУ Иранаас нефть импортлогч орнуудын эсрэг хориг арга хэмжээ авахгүй гэж мэдэгдээд байгаа ч дэлхий нийтийн эрх ашиг, цөмийн зэвсгийн шинэ голомт үүсгэхгүйн тулд үүсээд байгаа нөхцөл байдалд улс орнууд илүү хариуцлагатай хандаж байх шиг байна. Европ бол Ираны нефтийн томоохон хэрэглэгч гэдэг нь тодорхой. “Бидний хориг бол Иранд үзүүлэх дарамт шахалтыг нэмэгдүүлэх явдал юм” хэмээн тус холбооны хурал дээр онцолжээ. “Үйл нь ирсэн хулгана муурын сахлаар оролдов” гэгчээр Иран сүүлийн хэд хоног цэргийн сургууль хийж, дунд болон холын зайн тусгалтай пуужингаа гайхуулаад авсан нь америкчуудын галыг өрдчихөв бололтой.

Юмтай хүн байгаа юмаараа гайхуулдаг бас боомилдог. Улс орнууд ч бас ялгаагүй иймэрхүү ааш араншин гаргадаг аж. Иран бол Исламын ертөнцийн хамгийн нөлөө бүхий хүчирхэг орны нэг. Үүн дээр нефтийн асар их нөөц нь энэ орныг харц дээгүүр, цээж ханагар байлгадаг бололтой. Иран 150 гаруй тэрбум баррель газрын тосны нөөцөөрөө дэлхийд гуравдугаарт жагсдаг. Түүнээс гадна газрын тосны үйлдвэрлэлийн хэмжээгээрээ дэлхийд дөрөвт, ОПЕК-ийн орнууд дотроо хоёрдугаарт эрэмбэлэгддэг. Нефтийн орлогоосоо улсын сандаа 60 тэрбум ам.долларын нөөц бүрдүүлсэн гэх мэдээлэл байдаг. Тус улсад олон олон орд газар шинээр нээгддэг бөгөөд хэрэв дахин шинээр орд илрэхгүй тохиолдолд одоогийн эрчмээр нефть олборлолт явуулахад даруй 93 жилд хүрэлцэхүйц нөөц энэ улсад байгаа ажээ.

Ираны цөмийн амбиц олон улсын шахалтад өртөж байгаа ч татгалзах бодолгүй байна. Саяхан энэ асуудлаар Москвад болсон “5+1” уулзалт тодорхой үр дүнд хүрээгүй бөгөөд Тегеран “Хэрэв манай эрчим хүчний үйлдвэрлэлд шаардлагатай 20 хувийн агуулгатай ураны баяжмал нийлүүлбэл бид цөмийн хөтөлбөрөөсөө татгалзана” хэмээн мэдэгдсэн билээ. Олон улсын шаардлагыг үл хүлээж авсных нь хариуд АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд Ираны эсрэг хориг арга хэмжээний хуулинд гарын үсэг зурсан юм. Энэ хоригоор бол Тегеран хоногт хоёр сая баррелаас ихгүй түүхий нефть экспортолж байхаар зохицуулалт хийсэн. Ийм хэмжээний экспортоос Ираны Засаг захиргаа жилдээ ердөө 81 сая ам.доллар олохоор байгаа юм. Хэрэв улс орнууд Ираны эсрэг хориг арга хэмжээг хэрэгжүүлэхгүй бол өдөрт 16 сая тонн түүхий нефтийн тээвэр дайран өнгөрдөг Персийн булангийн Ормузийн хоолойд АНУ тээврийн хориг тавьж мэдэх юм. Хэрэв байдал ингэж хурцдах аваас газрын тосны хангалтын хувьд дан ганц импортоос хамааралтай Монгол, Балба зэрэг орнууд хүнд байдалд орж болзошгүй. Түүнээс гадна нефтийн үнэ баррель нь 150 ам.доллар болж өсөх магадлалтай юм. Хэрэв асуудлын мөрөөр ингэж мөшгих аваас Ираны эсрэг хориг нөгөө талаасаа дэлхий нийтийн эсрэг хориг болж мэднэ гэсэн эргэлзээ ч төрмөөр. Гэвч таамаглал бол таамаглал. Ирэх өдрүүдийг өөдрөгөөр харах шалтгаан бас байна. Энэ сарын 6-нд Нью-Йоркийн биржийн цахим худалдааны үеэр баррель нефтийн үнэ 37 центээр буурсан мэдээлэл байна.

Ираны нефтийн экспортод тавьсан хориг нь дэлхийн зах зээл дээр газрын тосны хомсдлыг үүсгэж болзошгүй. Үүнээс улбаалсан эрэлт нь үнийн хөөрөгдлийг авчирч мэднэ гэсэн болгоомжлол байна. Энэ нь ганц зах зээлээс хараат манай орны хувьд нөлөөлөх магадлалтай юм. Гэвч дээрхи хоригоос шалтгаалсан үнийн өсөлт одоогоор ОХУ-д гараагүй байна. Тэгээд ч манай импортлогч, Оросын нийлүүлэгч компаниудын хувьд нөхцөл байдлыг урьдчилан тооцсон тогтвортой гэрээ байгаа хэмээн найдаж байна. Тэнд гарсан сургаар энд үнэ нэмэхгүй байвал эдийн засаг хийгээд иргэдэд дарамт учрахгүй нь тодорхой.

П.БУЛГАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж