НД-ын шимтгэл төлөлт 13.4 хувиар нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.07.10-нд нийтлэгдсэн

НД-ын шимтгэл төлөлт 13.4 хувиар нэмэгджээ

Нийгмийн даатгалд энэ оны эхний хагас жилд 575.7 мянган хүн шимтгэл төлөгчөөр бүртгүүлснээс 382.1 мянга буюу 65.2 хувь нь аж ахуй нэгж байгууллагынх, 203.7 мянга буюу 34.8 хувь нь төсөвт байгууллагынх байгаа ажээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс нийт шимтгэл төлөгч, даатгуулагчдын тоо 69.2 мянга буюу 13.4 хувиар нэмэгдсэн талаарх судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ.

Хэдий ийнхүү шимтгэл төлөх даатгуулагч нэмэгдсэн ч зарим аж ахуй нэгжүүд ажилтнуудынхаа нийгмийн даатгалыг төлөхгүй байгаа зөрчил гарсаар байгаа билээ. Тиймээс Нийгмийн даатгалын ерөнхий газар  15 байгууллагын 1422 даатгуулагчдад олгосон хөдөлмөрийн хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл тооцсон байдлыг шалгажээ. Үүнээс зургаан  байгууллагатай холбогдсон зөрчил буюу даатгуулагчдад олгосон хөдөлмөрийн хөлснөөс шимтгэл тооцоогүй, гэрээт ажилтны ажлын хөлс, гадаад ажилтанд олгосон ажлын хөлс, хүүхдээ асарч байх хугацааны шимтгэлийг төлөөгүй зэрэг зөрчлийг илрүүлж,  135,7 сая төгрөгийн шимтгэлийг нийгмийн даатгалын санд нөхөн төлүүлсэн гэнэ. Мөн даатгуулагчийн шимтгэл төлсөн хугацааг баталгаажуулж, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах боломжийг бүрдүүлсэн аж.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж