“SouthGobi Resources” арбитрын шүүхэд хандана гэв

Хуучирсан мэдээ: 2012.07.13-нд нийтлэгдсэн

“SouthGobi Resources” арбитрын шүүхэд хандана гэв

Засгийн газраас зарим лицензийг нь цуцалсан “SouthGobi Resources” компани Монголын Засгийн газрыг хөрөнгө оруулалтын гэрээгээ зөрчсөн гэж үзэж, мэдэгдэл хүргүүлсэн гэнэ. Сингапур, Канадад төвтэй  SouthGobi Resources  компани хувьцааныхаа дийлэнх хэсгийг Хятадын төрийн өмчит Чалко компанид худалдах гэрээ байгуулсны дараа Монголын Засгийн газраас тус компанийн олборлолтын зарим лицензийг нь цуцалсан тул үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон билээ.

Овооттолгойн нүүрсний уурхайд олборлолт явуулдаг “SouthGobi Resources” мэдэгдэлдээ хэрэв хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан хоёр тал дээрх маргааныг шийдэж чадахгүйд хүрвэл Хөрөнгө оруулалтын маргааныг зохицуулах олон улсын төвд гомдол гаргана гэжээ.

“SouthGobi Resources” мэдэгдэлдээ хөрөнгө оруулалттай холбоотой маргааныг  Монголын Засгийн газартай хамтран шийдэх бүх арга мухардалд орсон гэжээ. Мэдэлдэлд “SouthGobi Resources” мөн  Ашигт малтмалын газрыг 2011 онд Заг сүүж, Сүмбэрийн ордод хайгуулын лиценз олгохоор байгуулсан уул уурхайн ашиглалтын өмнөх гэрээг зөрчсөн гэж буруутгасан байна. “SouthGobi Resources” Засгийн газарт илгээсэн мэдэгдэлдээ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хоёр тал аливаа маргааныг мэдэгдэл гаргаснаас хойш зургаан сарын дотор хэлэлцэн, шийдвэрлэх тухай заасныг ч сануулжээ.

Мэдэлдэлд дурьдсанаар Монголын Засгийн газар хэрэв “SouthGobi Resources”  компанийн дээрх маргааныг гэрээнд заасан хугацаанд авч хэлэлцэхгүй бол арбитрын шүүхэд хандах гэнэ. Монголын Засгийн газартай холбоотой дээрх маргаанаас болж “SouthGobi Resources”-ийн Торонтогийн Хөрөнгийн бирж дээрх хувьцааны үнэ 52 долоо хоногийн дунджаас дөрвөн канад доллараар унасан гэжээ. “SouthGobi Resources” компани Монголд нүүрсний дөрвөн төсөл хэрэгжүүлж буйгаас гурав нь олборлолтын, нэг нь хайгуулын лиценз гэнэ. Тус компанийн томоохон хувьцаа эзэмшигч Айвенхоу Майнз хувьцааны 57.6 хувийг Хятадын төрийн өмчит Чалко компанид худалдахаар төлөвлөж байгаа юм.

“SouthGobi Resources”-ийн өөр нэг томоохон хувьцаа эзэмшигч нь Хятадын хөрөнгө оруулагч сан “CIC” бөгөөд хувьцааных нь 13.8 хувийг эзэмшдэг юм. Хятадын төрийн өмчит хөнгөн цагаан үйлдвэрлэгч Чалко “SouthGobi Resources”-ийн хувьцааны 71 хүртэл хувийг худалдаж авах сонирхлоо илэрхийлсний дараа Монголын Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий салбарын аж ахуйн нэгжид  гадаадын төрийн өмчит компани 49 хувиас дээш хувьцаа эзэмших тохиолдолд Засгийн газарт мэдэгдэх тухай хууль баталсан.

“SouthGobi Resources” компани Өмнөговь аймаг дахь пермийн  үеийн нүүрсний ордод хайгуул, олборлолт явуулдаг бөгөөд Овооттолгойн орд л гэхэд 175.5 сая тонн нүүрсний нөөцтэй нь тогтоогдсон юм.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж