200 хүн татварын хөнгөлөлт авч чадаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.07.17-нд нийтлэгдсэн

200 хүн татварын хөнгөлөлт авч чадаагүй гэв

Хувь хүний орлогын албан татварын буцаалт буюу татварын хөнгөлөлтийг эдлэхээр энэ жил 42 мянган хүн бүртгүүлжээ.  Үүний 16 мянга нь нийслэлийн татвар төлөгч юм байна. Одоогийн байдлаар бичиг баримтын зөрчилтэйн улмаас 200 хүн татварын хөнгөлөлтөө авч чадалгүй үлдээд байгаа гэнэ.  Ийнхүү татварын хөнгөлөлт гэхээр, бэлэн бусаар төлбөр тооцоо хийсний хариуд мөн энэ жишгээр хөнгөлөлт эдлэх боломжтой гэдэг ойлголт иргэдийн дунд байгаа юм. Энэ талаар Татварын ерөнхий газрын Татвар хураалтын хэлтсийн мэргэжилтэн н.Алтанхоролоос тодрууллаа.

-Үйлчилгээний аливаа газруудад картаар төлбөр хийхэд өгдөг баримтыг ашиглан татварын буцаалт эдлэх боломжтой юу?

-Бэлэн бус төлбөр тооцооны баримтыг цуглуулан буцаалт мөнгө авах боломжгүй. Энэ талаарх эрх зүйн орчин хуульд болон практикт байхгүй. Харин бусад арилжааны банк болон аливаа үйлчилгээний газрууд төлбөр төлсөн баримтаа цуглуулаад буцаалт мөнгө буюу урамшуулал олгодог байхыг үгүйсгэхгүй юм. Иргэдийн дунд иймэрхүү буруу ойлголт байх шиг байдаг. Бидэнд ч хандаж их ирдэг. Татвар буцаалтыг хувь хүний орлогын албан татварт тооцож, хоёр төрлөөр л татварын хөнгөлөлт эдлүүлдэг юм.

-Татварын буцаан олголтын хоёр төрлийг дэлгэрүүлээч?

-Нэгдүгээрт, амьдрах зориулалтаар орон сууц худалдан авсан бол, хоёрдугаарт эцэг эхийн аль нэг нь татвар төлдөг бөгөөд их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг хийсэн бол татварын буцаалт мөнгийг тус тус авах боломжтой юм. Сургалтын төлбөрөөс хөнгөлөлт эдлэх бол нэг жилийн хувьд сургалтын төлбөрт төлсөн мөнгөний 10 хувийг эргүүлэн авна гэсэн үг. Жишээ нь, 700 мянган төгрөгний төлбөр төллөө гэхэд, 70 мянган төгрөгийг дансаар эргүүлэн авах юм. Энэ бол яг 10 хувь гээд заагаад өгчихсөн учир иргэд будилах зүйлгүй, баримтаа бүрдүүлээд өгөхөд л хангалттай. Харин орон  сууц худалдан авсны тухайд, тэр нь заавал 2007 оноос хойш анх удаа амьдрах зориулалтаар худалдан авсан байх юм. 

-Орон сууц худалдан авсан бол мөн 10 хувьтай тэнцэх мөнгийг эргүүлэн авна гэсэн үг үү?

-Үгүй, орон сууцны хувьд яг 10 хувь гэдэггүй юм. Учир нь үл хөдлөх хөрөнгө худалдан авсан бол тухайн жилдээ улсад хэдэн төгрөгний татвар төлсөнийг нь харгалзан буцаах мөнгийг тооцдог. Өөрөөр хэлбэл, тухайн жилдээ иргэн хэдэн төгрөгийн орлого олоод, улсад хэдий хэмжээний татвар төлөөд, үл хөдлөх хөрөнгө худалдан авсан юм бэ гэдгийг тооцох юм. Тэгэхээр орон сууцны худалдан авалтаар татварын буцаалт мөнгийг авах хүмүүс харилцан адилгүй. Татварын байгууллагад хандаад, орлого, зарлагаа шүүлгээд хөнгөлөлтөө эдэлж болно. Татварын буцаалтын энэ тайланг жилд нэг удаа буюу хоёрдугаар сарын 15-ны дотор Татварын албанд бичиг баримтаа бүрдүүлж өгөх юм.

-Хувиараа бизнес эрхэлж байгаа иргэд аливаа лизинг, хөнгөлөлт эдлэхэд хүндрэлтэй байдаг шүү дээ. Улсад тодорхой хэмжээний татвар төлөх зохицуулалт сул байдагтай холбоотой гэдэг. Энэ тал дээр яаж анхаардаг юм бэ?

-Татварын тухай хуулинд энэ талаар орлогыг  тухай бүрд нь тогтоох боломжгүй ажил, үйлчилгээ, хувиараа эрхлэгч иргэний албан татвар гэдгээр тусгасан байдаг юм. Энэ нь жижиг бизнес эрхэлж байгаа буюу уран зураг, баримал, тоглоом, бэлэг, дурсгалын зүйлс гээд 16 төрлийн худалдаа үйлчилгээ эрхэлдэг хүмүүст сар бүр тогтмол татвар ногдуулдаг. Ингэхдээ нийслэлд бизнес эрхэлж буй иргэн сар бүр 3000 төгрөг, зарим аймгуудын төвд 2000 төгрөг, бусад сумдын төвд 1000 төгрөгийн татвар төлж байгаа.

-Энэхүү төвлөрч буй татварыг юунд зориулдаг вэ?

-Эдгээр татварын орлого орон нутгийн төсөвт орж байгаа. Үүгээр орон нутгийн хөгжил, нийгмийн халамжийн үйлчилгээнд санхүүжилт болж байгаа гэсэн үг.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж