Түвд лам өөрийгөө шатаажээ

Хуучирсан мэдээ: 2012.07.18-нд нийтлэгдсэн

Түвд лам өөрийгөө шатаажээ

Түвдийн Засгийн газрын албаны мэдээлснээр өчигдөр буюу мягмар гаригт өсвөр насны, Буддын шашинт нэгэн лам өөрийгөө шатаасан ээлжит харамсалт хэрэг гарсан байна. Түвдийн ард иргэд соёл, шашин, шүтлэгийг нь шахан хавчиж, Түвдийн ард түмний эрхийг зөрчиж байна хэмээн Хятадын эрх баригчдыг буруутгаж байгаа билээ. Хятадын Сычуань мужийн  Бархам дүүрэгт дээрх эмгэнэлт хэрэг гарсан ба өөрийгөө шатаасан ламын нэрийг Ловсан Лозан гэдэг аж. Тэрээр тус дүүргийн удирдлагын байрны гадаа зулын гол болжээ. Хятадын дарангуйллыг эсэргүүцдэг Түвдийн эсэргүүцлийн хөдөлгөөний албаныхны мэдээлснээр сүүлийн үед иймэрхүү хэрэг дараалан гарч, 42 хүн амь насаа алдаад байгаа аж. Түвдийн засгийн газрын албаныхны мэдээлж байгаагаар дээрх хэрэг гарсны дараа тус дүүрэгт Хятадын  цэргийн хүчийг төвлөрүүлсэн байна. Үүний улмаас тус муж дахь Түвдийн ард иргэд Хятадын цэргийн хүч болоод Түвдийн эсэргүүцлийн хөдөлгөөний хооронд мөргөлдөөн гарахаас болгоомжлон хаалт хүртэл тавьсан гэнэ. Хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр өөрийгөө шатаасан өсвөр насны лам Бархам дүүргийн Цодун Кирт хийдийн 18 настай  лам байжээ.  Тус хийдээс өнгөрсөн гуравдугаар сард  хоёр лам өөрийгөө шатаасан хэрэг гарсан аж. Хятадын эрх баригчдын хатуу бодлогыг эсэргүүцсэн ийнхүү эмгэнэлт хэрэгт удаа дараалан гарч байгаа ч Хятадын Засгийн газар шийдвэртэй алхам төдийлөн хийхгүй байгаад Түвдийн эрх чөлөөний төлөө тэмцэгчид сэтгэл зовниж байгаа юм байна. Хятад улс энэ сарын эхээр олон зуун жилийн түүхтэй Буддын шашны дэлхийн хамгийн том төв Түвдийн Лхас хотод аялал жуулчлалыг хөгжүүлэхээр 30 тэрбум юань буюу 4.8 тэрбум ам долларын хөрөнгө оруулалтыг хийж эхэлсэн гэнэ.

Э.АНХТУЯА 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж