Амиа золиослогчийг араб аялгатай байсан гэжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.21-нд нийтлэгдсэн

Амиа золиослогчийг араб аялгатай байсан гэжээ

Болгарын нисэх буудалд Израйлийн жуулчны автобусыг дэлбэлсэн этгээдийг хэн болохыг шинжээчид хараахан тогтоож амжаагүй байна.  Нисэх буудлын камерт бичигдсэн дүрснээс түүнийг урт үстэй, цагаан арьстан байсан гэж таамаглаж байгаа юм. Гэвч гэмт этгээдийг  богино хүрэн үстэй, хар арьстай, араб аялгатай байсан гэсэн нэгэн гэрчийн мэдээлэл дээрх таамгийг бүрхэгдүүлж орхижээ. Шинжээчид амиа золиослогчийн цогцосноос ДНХ-н дээж авч, хурууны хээг шинжилж байгаа юм байна.  Зургаан хүн амиа алдсан дээрх хэрэг дээр АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, Тагнуулын агентлагийн шинжээчид болон Болгарын мөрдөгчид ажиллаж байгаа аж.  Халдлагын үеэр амиа алдсан Израйлийн таван иргэнийг өчигдөр Йерусалимд оршуулжээ. Тэдний дөрөв нь 20 дөнгөж гарсан залуучууд, нэг жирэмсэн бүсгүй байжээ.  Болгарын Дотоод хэргийн сайдын мэдээлснээр жуулчны автобусыг гурван кг ТНТ тэсрэх бодисоор дэлбэлсэн нь тогтоогджээ. Гэмт этгээдийг болгар хүн биш гэдэгт мөрдөгчид эргэлзэхгүй байгаа бөгөөд Гуантанамогийн шоронд хоригдож байсан, Шведийн иргэн Мехди Гезали гэгчийг энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй гэж сэжиглэж байгаа юм байна.  Гэмт этгээд АНУ-ын Мичиган мужийн жолооны хуурамч үнэмлэхтэй байсан бөгөөд 1987 онд Луизанад төрсөн Жак Фелипе гэх хүний нэр дээр байжээ.  Сүүлийн үед Энэтхэг, Тайланд, Азербайжан, Кени, Кипр зэрэг орнуудад Израйлийн иргэд халдлагад өртсөнийг тус улсын албаны хүмүүс санамсаргүй тохиолдол биш гэж үзэж байгаа юм байна.  Болгар нь Израйлийн жуулчид олноор очиж амардаг газар гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж