Норвегичууд амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэв

Хуучирсан мэдээ: 2012.07.23-нд нийтлэгдсэн

Норвегичууд амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэв

Норвегийн Осло хот болон Утойя арал дээр гарсан зэвсэгт халдлагаас хойш нэг жилийн дараа тус улсын Ерөнхий сайд Женс Столтенберг амиа алдсан 77 хүний дурсгалыг хүндэтгэх уриалга гаргажээ. Өөрийгөө хэт үндсэрхэг үзэлтэн гэх Андерс Брейвик одоогоос нэг жилийн өмнө Осло хот дахь Засгийн газрын байрны үүдэнд бөмбөг дэлбэлж, Утойя арал дээр 77 хүнийг буудаж хөнөөсөн. Европын хамгийн тайван улсад гарсан дээрх аймшигтай халдлага дэлхий нийтийг цочирдуулсан юм. Гэмт этгээд Европт жил ирэх тусам нэмэгдэж буй лалын шашинтнуудын цагаачлалыг эсэргүүцэж, Норвегийг олон соёлын нөлөөнөөс хамгаалах гэж дээрх халдлагыг үйлдсэн гэж өөрийгөө зөвтгөсөн билээ. Норвегийн Ерөнхий сайд амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх ёслол дээр “Гэмт этгээд халдлагаар Норвегийг өөрчлөхийг зорьсон. Гэвч Норвегчууд өөрсдийн үнэт зүйлсээ хамгаалж чадна гэдгээ батлан харуулсан.

Учир нь бидний аав, ээжийн хайр, үр хүүхдүүдийн маань инээд хөөр, баяр хөөртэй сайхан дурсамж, дурдатгалыг хэн ч булаан авч чадахгүй” гэжээ. Норвегид дэлхийн II дайнаас хойш анх удаа улс орон даяар нэг минутын чимээгүй гашуудал зарласан юм. 77 хүний амийг хөнөөж, 242 хүнийг шархдуулсан Андерс Брейвикийг яллагчид олон хүний амийг санаатай хөнөөж, иргэдийг айдас хүйдэст автуулсан хэргээр ял төлөвлөж байгаа юм байна. Норвегийн шүүх ирэх наймдугаар сарын 24-нд Андерс Брейвикийг халдлага үйлдэх үедээ сэтгэхүйн өөрчлөлттэй байсан эсэхийг тогтоож,  ял оноох аж. Шүүх эмнэлгийн шинжээчдийн дүгнэлт өөр өөр гарсан боловч хохирогчдын ар гэрийнхэн түүнийг сэтгэхүйн өөрчлөлттэй гэдэгт итгэхийг ч хүсэхгүй байгаа юм. Шүүх хурлын үеэр Андерс Брейвик дэлхийн худалдааны төв болон Оклахома хотод болсон халдлагаас санаа авч, алан хядагч Аль-Кайда бүлэглэлийн халдлагуудын тактикийг судалсан гэж мэдүүлжээ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж